Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ХААГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөний улмаас сахилгын шийтгэл хүлээсэн нийтийн албан тушаалтан энэ тухайгаа өөрийн зардлаар нийтэд мэдээлэх зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд тусгасан билээ.

Дээрх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг баталсан. Уг журмын 4.2-т “Авлигатай тэмцэх газар хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээлэл, шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан үүсгэнэ. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна” гэж заасан.

2019 оны 4 дүгээр сарын  байдлаар дээрх хууль тогтоомжийг зөрчсөн 2 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

1.Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонго нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй бөгөөд 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрсэн бөгөөд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 4 сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

2. Асгат сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг  нь нагац дүү Б.Самбууг 2009 оны 10 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшаар, нагац дүү Б.Дуламсүрэнг 2005 оны Б/07 дугаар тушаалаар гал тогооны туслах тогоочоор тус тус томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т заасан нөхцөл байдлыг бий болгосон, мөн төрсөн дүү Д.Саранчимэгтэй 2018 оны 01 сард Хүнсний бүтээгдэхүүний худалдан авах гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээг байгуулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил гаргасан нь Авлигатай тэмцэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05/3000 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/131 дугаартай захирамжаар Асгат сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэгт албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-13 03:54:01