“Нутгийн хөгжил –Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” чуулган болж байна
654 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Өчигдөр  “Нутгийн бренд –Хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдаа ССАЖГазарт болсон . Харин Өнөөдөр "Нутгийн хөгжил-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” чуулган албан ёсоор нээлтээ хийлээ.Энэ удаагийн уулзалт нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн         1.6.1 Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлцлийг гүнзгийрүүлж, бизнесийг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, төрийн зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх,  Аймгийн эдийн засаг нийгмийг  2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.9.4 Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулах тухай заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог юм.

Мөн Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах” зорилтын хүрээнд Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудаар хийж, гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг гарган батлуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж засаг даргатай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулснаар төр иргэний нийгмийн түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэлд хамтран ажиллаж эхэлсэн таатай мэдээ байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон нийтэд  таниулах, чадваржуулах, бие биенээсээ харилцан суралцах боломж олгож харилцаа хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх, санал бодлыг нь сонсох, улмаар бодлого шийдвэрт тусгах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.

Засаг дарга Ж.Жамъянтив: “Монгол эмэгтэйчүүд бол бадрангуй хүсэл тэмүүлэлтэй, идэвхи санаачилгатай, нийгмийн хариуцлагатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, засч залруулахын төлөө явдаг хүмүүс гэдгийг онцолж хэлэхэд таатай байна. Энэ чуулганаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох, бизнесийн хүрээгээ өргөжүүлэн улмаар орон нутгийн хөгжилд түшиглэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, зах зээлээ бэхжүүлэх өргөн боломжийн тухай ярилцаж харилцан биенээсээ туршлага судлах ач холбогдолтой уулзалт болно гэдэгт итгэлтэй байна. Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэр дундаа хувийн хэвшилд амжилттай ажиллаж бизнес эрхэлж байгаа манлайлагч  эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, бие биенээсээ  суралцах боломжийг бүрдүүлснээр эмэгтэйчүүдийн хувьд нэгдэж нийлэн хүчтэй баг болж ажиллах эхлэлийг тавьж байна. Орон нутгийнхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвлөлдөх, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, хамтран ажиллах бидний санаачлагыг дэмжин хамтран зохион байгуулж байгаа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо болон санаа бодлоо солилцохоор сум бүрээс хуран цугларсан нийт эмэгтэйчүүддээ талархал илэрхийлж байна” гэлээ.

"Нутгийн хөгжил-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганы хэмжээнд “Нутгийн бренд –Хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдаа ССАЖГазарт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Аливаа нэг уулзалт, чуулган шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. МБЭЭХ-ний хүндэт тэмдэгээр Засаг дарга Ж.Жамъянтивийг шагнасан.  “Нутгийн хөгжил –Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо”-ны  “Топ бизнес эрхлэгч”-ээр Д.Нарантуяа , “Бизнесийн хатан хаан”-аар Я.Өлзийбүрэн нар тодорлоо. Мөн Завхан аймгийн хүндэт тэмдэг, МБЭЭХ-ний хүндэт тэмдэг, Салбарын тэргүүнээр 40 гаруй эмэгтэйчүүд шагнуулсан юм.

ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал “ Засаг даргын тамгын газрын 2014 оны нэгдүгээр улирлын ажлын тайлан”, МБЭЭХ-ний ерөнхийлөгч О.Заяа “ Эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд эмэгтэйчүүдийг гүйцэтгэх үүрэг”, МУИС- Завхан сургийлийн захирал эдийн засгийн ухааны доктор, дэд профессор М.Эрдэнэчимэг “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” , Цагдаагийн газрын “Гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр ЦГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ сэдвүүдээр илтгэл тавьж байна.

2014-05-09 17:01:02