Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БАШЛУУ ОВОГТ ДИЛОВ ХУТАГТ ЖАМСРАНЖАВЫН ЧАНДАР БУЮУ ЛАГШИН БИЕИЙН АДИСТИД ИХ ШҮТЭЭНИЙГ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС ЗАЛЛАА

 

Хорьдугаар зууны Монгол улсын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид Их шүтээнийг АНУ-аас залах хүндэтгэлийн үйл ажиллагаа гал бичин жилийн өвлийн дунд сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр Улиастай хотод боллоо. Таван настайдаа Дилов хутагтын тавдугаар дүрээр тодорсон Жамсранжав шашны томоохон зүтгэлтэн байгаад зогсоогүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө харь нутагт  бие, сэтгэлээ зориулсан түүхэн гавьяатай хүн юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр баруун хязгаарыцг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэснээс гадна Монгол улсыг НҮБ-т гишүүнээр элсүүлэх асуудлыг Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Хэдийгээр хилс хэрэгт гүтгэгдэж эх орондоо ирэх эрхгүй байсаар харийн нутагт таалал төгссөн ч хойч үеийнхэндээ үнэлж баршгүй хувь  нэмэр оруулж, бахархан дуурайх тод жишээ болсон Дилов хутагтын чандар буюу адистид их шүтээнийг Монголчууд бид эх орондоо, тэр дундаа төрсөн нутагт нь авчрах үүрэгтэй. Тиймээс хутагтын шавийн төрсөн хүүхэд Гямчо Пальжид хадгалагдаж, хамгаалж байсан их шүтээнийг Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс Буянт Жавхлант хийд”-д сэмбэрэмтэй угтан залж, сүсэгтэн олон адис авч хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү халхын тамгатай хутагт хувилгаадыг хаана нутаглуулсан нь тодорхойгүй байдаг энэ цаг үед Дилов хутагтын энерги, авшиг хишиг  эх орондоо, тэр дундаа төрсөн нутагтаа ирлээ.

 

 Ард иргэд хүндэтгэл үзүүлсний дараа их шүтээнийг Завхан аймгийн Алдартны музейн Хутагтын танхимын төв Гүнгэрваад хүндэтгэлтэйгээр заллаа. Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачлагаар шинэчлэн зассан “Хутагтын танхим”-ын нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Ийнхүү эхний ээлжинд Дилов хутагтын адистид их шүтээн, утлага, хэрэглэж байсан арц хүж, зулын гол зэрэг тахилын зүйлүүд болон өөрийнх нь дуу хоолойгоор айлдсан номын хуурцгийг авчирч, Завхан нутгийн сүсэгтэн олонд хамгийн түрүүнд сонсгосон бол цаашид бусад эд зүйлсийг эх нутагт нь авчирч музей байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Монгол улсын шашин, төрд үнэлж баршгүй  хувь нэмэр оруулсан Дилов хутагт Жамсранжавыг 1990 онд цагаатгасан байна. Түүний адистид их шүтээнийг эх оронд нь залах ажлыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын  гишүүн, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулан улсын комиссын дарга Я.Санжмятав санаачилж, Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, хутагтын шавийн төрсөн хүүхэд Гяамчо Пальжи зэрэг олон хүний хүч хөдөлмөрөөр зохион байгуулсан байна. АНУ болон Монголын улсын Завхан аймгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан төлөлөгчдийг энэ үеэр аймгийн “Хүндэт тэмдэг” болон “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагналаа.

Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид Их шүтээнийг АНУ-аас залах хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон УИХ-ын дэд дарга, УИХ-ын  гишүүн, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулан улсын комиссын дарга Я.Санжмятав, Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Завхан аймгийн бурхан шашны тэргүүн, Жалханз  хутагт Данзанчойживанчүг, Дилов хутагтын шавийн төрсөн хүүхэд, Их шүтээнийг хадгалан хамгаалж байсан АНУ-ын иргэн Гямчо Пальжи, Цагаатгах ажлыг удирдын зохион байгуулах улсын комиссын ахлах референт Д.Ууганбаатар, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчилэн хийдийн лам, гэвш А.Батцэнгэл болон бусад зочид төлөөлөгчид, сүсэгтэн олон оролцлоо. Ийнхүү Монголын шашин, төрийн түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Дилов хутагт Жамсранжав өөрийн биеийн адистид их шүтээн болон дуу хоолойгоороо харийн  нутгаас 51 жилийн дараа төрсөн нутагтаа ирлээ.

 

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-12-12 10:34:57