Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 2017 ОНД “ЦАГИЙН АЖЛЫГ ЦАГТ НЬ ЭХЛЭХ” ЗАРЧМЫГ ХАТУУ БАРИМТАЛЖ АЖИЛЛАНА

Шинэ оны эхний албан байгууллагын дарга нарын хурал өнөөдөр СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж дээр боллоо. Хурлын эхэнд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас өнгөрсөн баярын өдрүүдэд хэрхэн ажилласан тухай товч мэдээлэл хийсэн юм. Аймгийн Цагдаагийн газар баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэглэлд ажиллажээ. Сумдын болон албан байгууллагын дарга нар хариуцлагатай жижүүр ажиллуулж, аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг сайн гүйцэтгэж ажилласны үр дүнд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй, тайван байсан гэдгийг хэллээ.

 Амралтын 4 өдрийн хугацаанд Завхан аймгийн хэмжээнд түргэн тусламжийн дуудлага 376 ирснээс насанд хүрэгчдийн 174, хүүхдийн 184, осол гэмтлийн 10, төрөхийн 3, хордлогын 5 дуудлага ирсэн байна. Нийтийг хамарсан ноцтой тохиолдол илрээгүй тухай мэдээллийг аймгийн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн өглөө. Мөн энэ удаагийн хурлыг зохион байгуулагч СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежоос сургалтын үйл ажиллагааныхаа  тухай товч мэдээлэл хийсэн юм.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан шинэ оны анхны ажлын өдрийг ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гараагүй, өгсөн үүрэг даалгаварыг албан байгууллагын удирдлагууд маш сайн хэрэгжүүлж ажилласан тухай сайхан мэдээгээр эхлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд дараах мэдээллийг хийлээ.  Юуны түрүүнд шинэ оноо аймгийн хэмжээнд өргүй угтаж байгаа учраас цаашид төсвийн орлого бүрдүүлэлт, зарлагын асуудал дээр маш сайн анхаарч, хариуцлагатай ажиллах хэрэгтэйг онцолсон юм. Тулгын 3 чулуу шиг байх ёстой эрх, үүрэг, хариуцлага гурвыг нэг шугаманд тавих зарчмаар 2017 оноо эхэлж, үр ашиггүй зардлуудаа багасгах ажлын төлөвлөгөөг байгууллага, сум бүр энэ 7 хоногт боловсруулах үүрэг даалгаварыг өглөө. Өөрөөр хэлбэл хэрхэн их орлоготойгоор, хамгийн бага зардлаар, сайн үр дүнд хүрэх аргыг боловсруулах “СЭТГЭЛГЭЭНИЙ УРАЛДААН”-ыг төсвийн захирагчдын дунд зарлаж байгаа учраас байгууллага, хамт олноороо хэлэлцэх хэрэгтэй. Хамгийн сайн ажилласан төсвийн захирагч нарыг оны эцэст урамшуулж, хамгийн муу ажилласан төсвийн захирагч нарт хариуцлага тооцно гэдгээ ч хэллээ.

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайн багш” хөтөлбөрийг эхлүүлж 1 сарын 12-14-ний өдрүүдэд зүүн болон хойд чиглэлийн 15 сумын 500 гаруй багш нарт зориулсан сургалтыг Тосонцэнгэл сумд зохион байгуулахаар болсон байна. Сургалтыг мэргэжлийн өндөр түвшний 22 багш Улаанбаатар хотоос ирж явуулах юм. Бусад бүсийн сумдын багш нарыг ч мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх энэ сургалтанд үе шаттайгаар хамруулах юм байна.

 

Мөн 24 сумын гар урлал хийж буй 400 гаруй бүсгүйчүүд оролцсон томоохон үзэсгэлэнг аймгийн Засаг даргын ивээл дор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Улиастай хотод зохион байгуулна. Цаашид сум бүрт оёдолын цех байгуулагдсанаар Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүнтэй болно гэж харж байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл шинэчлэгдэн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж шилдэг хүүхдүүдээ өргөмжилснөөс гадна МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гавьяат, алдартнууд төрснийг дуулгалаа.

 

Аймгийн Засаг дарга 2017 оныг цаг ашиглаж, цаг баримталдаг жил болгож, “цагийн ажлыг цагт нь эхэлдэг байх” зармыг баримталж , бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа. Албан байгууллагууд аливаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа цагтаа хаалгаа барьж, цагтаа үйл ажиллагаагаа эхэлдэг байх хэрэгтэй. Тиймээс “Цагтаа эхэлдэггүй” гэсэн сэтгэлгээг авч хаях хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

 

Мөн угтан ирж буй 2017 он их хариуцлагын жил байх ёстойг онцоллоо. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: Хариуцлага гэдэг бол “арга хэмжээ” бус “зарчим” юм. Өөрөөр хэлбэл хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн байх явдал юм. Тиймээс 2017 оныг хариуцлагын жил болгож, цагаа баримтлахаас ажлаа эхлэхийг уриаллаа.

 

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан Д.Жамъянхорол, П.Бямбадорж нарт энэ үеэр шагналыг нь гардуулан өглөө. Дараагийн албан байгууллагын дарга нарын хурлыг аймгийн Онцгой байдлын газар дээр зохион байгуулахаар боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-01-02 16:28:13