Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАНЫ НЭРЭМЖИТ “ОЮУНЫ НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2002 оноос хойш тасралтгүй 15 жил зохион байгуулж байгаа Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад  амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү “Оюуны наадам”-д  боловсролын салбарын тулгын 3 чулуу болсон багш, сурагч, эцэг эхчүүд оролцдогоороо онцлогтой. Наадмын 2-р шатны шалгаруулалтын нээлтийн үеэр 1001 хүүхэд найрал дуу дууллаа. Энэ үйл ажиллагааг аймгийн ХЖТеатрын найрал дууны багш П.Мөнхжаргал санаачилжээ.

Энэ жилийн наадамд 3500 гаруй багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо. Харин 2-р шатны шалгаруулалтанд шилдгийн шилдэг 300 гаруй сурагч оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Олимпиадад бусад аймаг, хотуудаас багш, сурагч, эцэг эхчүүд оролцох боломжтой, нээлттэй явагддаг. Тэгвэл энэ жил Хөвсгөл аймгийн багш, сурагчид багаараа ирж амжилттай оролцлоо.

Анги тус бүрт эхний 6 байрыг шагнаж урамшуулсан бол тэргүүн байр эзэлсэн сурагчид алтан медаль, цом, мөнгөн шагналын эзэн боллоо. Нийлбэр дүнгээр Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль 2 дахь жилдээ тэргүүлж “Оюуны наадам”-ын шилжин явах цомын эзэн болсон бол дэд байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль шалгарлаа.

Хамгийн уран бодолт гүйцэтгэсэн бага ангийн сурагчаар Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Ч.Ширчинмаа, дунд ангийн уран бодолтын аваргаар Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Сарангуа, хамгийн өндөр оноо авсан Үнэмлэхүй аварга сурагчаар Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч М.Мөнхтөр нар тус тус шалгарлаа.

Мөн манлай эцэг эх, манлай багш нарыг шалгарууллаа. Манлай эцэг эхээр Тэс сумын Батбаяр, Нөмрөг сумын Ц.Энхболд, “Манлай бага ангийн багш”-аар Жавхлант цогцолбор сургуулийн багш Ё.Хоролсүрэн, “Манлай дунд ангийн багш”-аар Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Р.Доржзовд, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн багш С.Сарангэрэл  нар шалгарлаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын хүндэтгэлийн бэлгийг Улиастай сумын 4-р сургуулийн насан туршийн боловсролын суралцагч Б.Оюунбилэг хүртсэн юм. Тэрээр Ховд аймагт болсон баруун бүсийн “Тусгай олимп”-д цасны гуталтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль, цанын төрөлд хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах “Тусгай олимп”-д цасны гуталтай гүйлтийн төрөлд алтан медаль, цанын төрөлд тусгай байр эзэлсэн бол 2017 оны 03.14-03.28-ны өдрүүдэд Австри улсад болсон Олон улсын өвлийн “Тусгай олимп”-д Монгол улс, Завхан аймгаа төлөөлөн оролцож Цасны гуталтай гүйлтийн 100м, 200 м-ийн төрөлд хос мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн шилдэг суралцагч юм.  

Ийнхүү аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит “Оюуны наадам” энэ жил 15 дахь жилдээ сурагчдын 9, багш нарын 2, эцэг эхчүүдийн 1 ангиллаар 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийт 22 цом, 454 медаль, 63 тусгай байрын эзэд тодорлоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-13 18:38:29