Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2015 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Захиргааны ерөнхий хууль өнгөрсөн оны 7 сарын 1-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хууль 5 хэсэг, 11 бүлэг, 108 зүйлтэй, нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилготой юм. Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 оныг “Иргэдэд ойрхон эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан бөгөөд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах, тайлбарлан таниулах, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Захиргааны ерөнхий хуулиар 2017 онд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. Сургалтын багийнхан энэ удаад Завхан аймагт ажиллаж Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, Захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны бусад үйл ажиллагаа, Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журам  гэсэн сэдвүүдээр тус тус мэдээлэл өглөө.

Сургалтанд аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлага, албан хаагчид болон сумдын ЗДТГ-ын дарга нар оролцлоо. Захиргааны ерөнхий хуулинд орон нутгийн захиргааны байгууллагууд болон иргэн хуулийн этгээдийн оролцооны талаар тодорхой заасан учраас алдаагүй захиргааны акт гаргахын тулд байгууллагын удирдлагууд энэ хуулийг ширээнийхээ ном мэт өдөр тутамдаа ашиглаж байх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Хэдийгээр гаргасан шийдвэр нь бичгийн хэлбэрт зөв орсон байлаа ч сөрөг үйлчлэлтэй захиргааны актын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дээр процессын алдаа гаргавал шүүхийн байгууллага дээр унах тохиолдол байдаг. Тиймээс хамгийн гол нь хуулиа сайн судалж, мөрдвөл сөрөг үйлчлэлтэй захиргааны актан дээр алдаа гаргахгүй байх бүрэн боломжтойг онцолсон юм. Энэхүү сургалтыг зүүн болон баруун аймгуудад ийнхүү амжилттай зохион байгуулаад байгаа бол бусад аймгуудад 6 сарын 29 хүртэл ажиллах юм байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-05-17 15:59:52