Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР БӨХЧҮҮД ТАНГАРАГ ӨРГӨНӨ

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр Франц улсын эмч нар болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид Завхан аймагт ажилласныг хэллээ. Мөн одоогоор мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй цорын ганц аймаг гэдэг нь эцэслэн тогтоогдсон бөгөөд Солонготын даваан дээр аймгаас пост ажиллуулж байгаа юм байна. Энэ пост нь шинжилгээний бичиг үзэх биш, шинжилгээ хийж оруулж байгаа юм. Цаашид аймгийн ХХААГ, МХГ, Цагдаагийн газар, ОБГазрын дарга нар сумдын албан хаагчдаа хариуцлагатай ажиллуулахыг үүрэг болголоо. Мөн аймгийн баяр наадам 7-р сарын 10, 11-нд болохтой холбоотойгоор 7-р сарын 10-ны ажлын өдрийг 7-р сарын 9-нд, харин Нүүдэлчдийн соёлын наадам болох 7-р сарын 24, 25-ны ажлын өдрийг 7-р сарын 15, 16-нд тус тус шилжүүлэн ажиллахаар боллоо. 7-р сарын 10-ны өглөө 9:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд албан байгууллага бүрээс 5-10 хүн байгууллагынхаа онцлогийг харуулсан байдлаар жагсаалд оролцох ёстойг хэллээ. Мөн баяр наадмын өдрүүдээр байгууллагууд аюулгүй байдлаа хангаж ажиллах, төрийн  байгууллагын автомашиныг ашиглахгүй байхыг үүрэг болголоо.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар нар  6-р сарын 29, 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Шаньси мужид албан ёсны айлчлал хийж ХАА, үйлдвэрлэл, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Тус муж 38 сая хүн амтай,  хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн парк, инноваци өндөр түвшинд хөгжсөн учраас манай аймгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гарна гэж харж байгаа юм. Шаньси мужид ХАА-н онол, практик хосолсон 30.000 оюутан, 4.000 багштай томоохон их сургууль байдаг бөгөөд тус сургуульд Завхан аймгаас энэ намар эхний ээлжинд докторт 1, магистрт 1 оюутан сургахаар болжээ. Цаашид  ч гэрээний хүрээнд тус улсын тэтгэлгээр оюутнууд суралцуулах юм байна. Мөн Тайвань улсан Тайпэй хотын Азийн Олон улсын сургуультай холбоо тогтоож оюутнууд болон төрийн албан хаагчдыг сургахаар төлөвлөж байна.

7-р сарын 22-25-ны өдрүүдэд Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур дээр болох “Нүүдэлчдийн соёлын наадам” бол нутагтаа, малчдадаа хөрөнгө оруулалт хийх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаашид Завхан аймгийн хөгжлийг тодорхойлох бизнесийн чухал үйл ажиллагаа учраас Завхан сэтгэлтэй хүн бүр оролцож, албан байгууллага бүр онцгой анхаарч ажиллах ёстойг хэллээ. Нүүдэлчдийн соёлын наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд хийх учраас наадмын комисст албан ёсоор мэдэгдэж зөвшөөрөл аваагүй гэр, майхан бариулахгүй гэдгийг санууллаа.

Хамгийн сүүлд тэрээр аймгийн баяр наадамтай холбоотой мэдээлэл өглөө. Энэ жил наадамчин олны хурдан морь үзэх замыг дөтөлсөн ба уралдааны үеэр комиссын 4, Нэгдсэн эмнэлэг, мал эмнэлгийн нийт 6 машин морь дагах юм байна. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь морь дагаж жил жилийн наадмаар морь, машины уралдаан болдгийг зогсоох бөгөөд морь дагасан машины жолоочийн эрхийг 2 жил хүртэлх хугацаатай хасахаар болжээ. Харин үндэсний бөхийн барилдааны хувьд харьяалал, цолонд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй бөгөөд гол нь шударга барилдуулах тал дээр бүх талын арга хэмжээ авч хариуцлага, хяналтыг сайжруулахаар төлөвлөжээ. Тиймээс бөхчүүдээр наадамчин олны өмнө тангараг өргүүлэхээр болсон байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-07-05 12:17:12