Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТУВАГИЙН ИХ СУРГУУЛЬД ЗАВХАН АЙМГААС 10 ОЮУТАН 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА

Завхан аймаг гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлэх тал дээр нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. ОХУ-ын Тува улс, БНХАУ-ын Шэньси муж, Тайвань улсын Тайпэй хоттой хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Гэрээнд тусгагдсан ажлууд хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Тухайлбал төрөлх нутгийнхаа ирээдүйг тодорхойлох залуучуудаа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг нээх үүднээс гадаадын их дээд сургуулиудад сургахаар төлөвлөөд байгаа юм. Энэ ажил эхнээсээ биелэлээ олж аймгийн Засаг даргаар ахлуулсан төлөөлөгчид 6-р сарын 29, 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Шэньси мужтай гэрээ байгууллаа. Тус мужид хөдөө аж ахуйн онол, практик хосолсон 30.000 оюутан, 4.000 багштай томоохон их сургууль байдаг бөгөөд Завхан аймгаас энэ намар докторт 1, магистрт 1 оюутан сургахаар боллоо. Мөн Тайвань улсын Тайпэй хотын Азийн Олон улсын сургуульд оюутан болон төрийн албан хаагчдыг сургахаар төлөвлөж байна.

Энэ удаад ОХУ-ын Тувагийн их сургуульд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 10 оюутан суралцуулахаар боллоо. Тувагийн их сургуульд  Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотоос суралцаж байгаа бөгөөд Завхан аймгаас тэтгэлэгт хамрагдан суралцаж байгаагүй юм байна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн 10 хүүхдэд БСУГ-ыг дарга С.Ганчимэг, Тувагийн их сургуулийн элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга Салбак Монгуш нар батламжийг нь гардуулан өглөө. Завхан аймгаас шалгарсан 10 хүүхдийн хувьд Хэлний факультет, Физик-математикийн факультет, Эдийн засгийн факультет, Инженер техникийн факультет гэсэн 4 сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах юм. Оюутнууд 8 сард хилийн дээс алхах бөгөөд өмнө нь аймгийн орос хэлний төвд эрчимжүүлсэн хэлний бэлтгэлд хамрагдана.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-09 11:01:32