Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ ОРХОН АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваагаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж баруун бүсийн тулгуур төв Завхан аймаг, Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймаг  хооронд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээ нь аймгуудаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, хоёр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

20-р зууны манлай бүтээн байгуулалт гэгддэг Эрдэнэт хотын хувьд 1976 оноос хойш 41 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж буй хот юм. Орхон аймаг 100.0 гаруй хүн амтай, үүнээс 30 орчим мянга нь Завхан аймгийн уугуул оршин суугчид байдаг байна. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр улсад тэргүүлж байгаа Орхон аймагт олон зуун үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явууулж байгаагаас уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр МУ-ын эдийн засгийн хүнд ачааг олон жил нуруундаа үүрч байгаа гэж хэлж болно. Жилд 4 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар зэс молибдений баяжмалын үйлдвэрлэлээ эхлүүлж байсан Эрдэнэт үйлдвэр  39 жил тасралтгүй ажиллаж, одоо жилд 35 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, шинэ орд газрыг ашиглалтанд оруулах замаар үйлдвэрийн насжилтыг 35-45 жил хүртэл уртасгах ирээдүйтэй гэж харж байгаа юм. Завхан аймгийн хурал, захиргааны байгууллагын төлөөлөгчдийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүлээн авч уулзлаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол захирлаар Завхан аймгийн уугуул, МУ-ын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэг үр бүтээлтэй ажилласныг дурьдаад одоо ч тус үйлдвэрт Завхан аймгийн уугуул удирдлагууд, олон арван инженер, техникийн ажилтан ажиллаж байгааг онцоллоо. Түүнчлэн Завхан, Орхон аймгууд өөр өөрийн давуу тал, онцлогт тулгуурлан хамтран ажиллахад Эрдэнэт үйлдвэр  дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мөн Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Завханчуудын төлөөлөл нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, санал бодлоо солилцлоо. 1992 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны санаачлагаар 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Орхон аймаг дахь Нутгийн зөвлөл 25 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Завхан нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Завханчуудаа дэмжин ажилласаар иржээ. Тэд нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, салбар бүртээ түүчээлж байгааг ч хэлж байлаа. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засгийн хэлтсийн дарга, эдийн засгийн ухааны доктор Д.Галбаатар хэлэхдээ: Эрдэнэт үйлдвэр болон энд ажиллаж байгаа Завханчууд уул уурхайн чиглэлээр өндөр түвшинд мэргэшсэн. Завхан аймаг ч алтны орд, алмазын орд гээд байгалийн баялаг ихтэй нутаг. Тиймээс баялагаа ашиглаж төрөлх нутгаа хөгжүүлэх, үр хойчдоо ашигтай хэлбэрээр хамтарч ажиллахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Мөн Монгол орон төдийгүй Ази тивийг ивээж байдаг Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан ууланд хэнийг ч авируулахгүй хамгаалж, орчин тойрныг нь тохижуулах ажилд  хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.  Завхан аймгийн уугуул, Чин Сүжигт Номун ханы хойд дүрийн хувилгаан, СГЗ, Орхон аймгийн “Монгол уншлагат” хийдийн хамба З.Гончигжав Орхон аймаг дахь Нутгийн зөвлөлдөө өөрийн нэрэмжит 50 сая төгрөгтэй “Мөнхийн сан” байгуулж өгчээ. Жил бүр 8 сая төгрөгийн хүүгээр нь Завхан нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг шагнаж урамшуулах юм байна.

Завхан аймгийн ХЖТеатрын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Уурхайчин соёлын ордонд үзэгч дүүрэн 2 удаагийн тоглолт зохион байгуулж  Завхан аймгийн  уугуул, энэ л нутагт элэгтэй олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

 Ийнхүү Завхан аймаг, Орхон аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу эхний ээлжинд Завхан аймгийн гар урчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр сар шинийн баярын өмнө Эрдэнэт хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан Медипас эмнэлэгтэй хамтран ажиллаж алсын зайн оношилгоо шинжилгээг хийхээр  боллоо. Энэ мэтээр ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх олон бодит ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-09-20 16:31:43