Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж эхний мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл хийлээ. МУ-ын ЗГ-ын 89 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар сум, хэлтэс, агентлагуудын ажлыг дүгнэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам гарч хэрэгжүүлж байна. Гэвч аймгийн Засаг даргатай байгуулсан нутгийн захиргааны байгууллагуудын эхний 9 сарын гэрээний биелэлт, тайлан мэдээлэл шаардлага хангахгүй, шалгуур үзүүлэлтэнд нийцэхгүй байгаа юм. Түүнчлэн байгууллагууд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын нэгжтэй байх ёстой ч зарим байгууллагууд нэр төдий хэрэгжүүлж байгаа учраас аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс зохион байгуулахаар болжээ. Сургалтанд байгууллагын дарга, дотоод нэгж хариуцсан мэргэжилтнүүд хамрагдах бөгөөд сертификат гардуулах юм байна.

Энэ үеэр МУИС-ийн Завхан сургуулийн захирал асан М.Эрдэнэчимэг тус сургуулийн шинэ захирлыг танилцуулж албан байгууллагын удирдлагуудыг хамтран ажиллахыг хүслээ. МУИС-ийн Завхан сургуулийн шинэ захирлаар МУИС-ийн Бизнесийн сургуульд сүүлийн 26 жил тасралтгүй ажилласан, бизнесийн удирдлагын ухааны доктор П.Оюунбилэг томилогджээ. 

Мөн энэ үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж Их-Уул сумын Солонготын давааны орчим гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч А.Даваадоржоор ахлуулсан ажлын хэсэг ослын газар хяналт шалгалт хийхэд Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн CRTRM ХХК-ийн нордбенз маркийн 48-09 УММ улсын дугаартай автомашин осолдож азотын хүчил 135 л, давсны хүчил 5000 л, шатах тослох материал асгарч 1-.1.5 м өргөн, 250 м урт газрыг хамарч урсчээ. Тосонцэнгэл сумын ОБХ-ийн хошууч н.Амартүвшингээр ахлуулсан алба хаагчид ослын газар шуурхай ажиллаж химийн бодис, шатах тослох материалын асгаралтыг зогсоож, урссан бодисонд хаалт, хамгаалалт хийсэн байна.

Одоогоор бодис асгарсан талбайг бүрэн саармагжуулсан бөгөөд дээжийг геологийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори зэрэг хэд хэдэн газруудад хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу гармагц албан ёсны мэдээлэл хийнэ гэдгийг хэллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-09-20 16:53:13