Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД СУРЕШ БАБУ ЗАВХАН АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Аймгийн Засаг даргын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу Завхан аймагт айлчиллаа. Тэрээр аймгийн удирдлагуудтай уулзаж тус улсын Засгийн газар болон Завхан аймаг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Өнө эртний түүхт харилцаатай хоёр орон эдүгээ олон салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд нэлээд анхаарал хандуулдаг.Тиймээс Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газраас хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдэд богино, дунд, урт хугацааны 100 хувийн сургалтын тэтгэлэг олгодог байна. Мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү зэрэг төрөлжсөн сургалтаас гадна зөвхөн англи хэлний сургалтанд ч хамрагдах боломжтойг хэлж байлаа. Энэ хөтөлбөрт Завхан аймгаас олон иргэн  хамруулахад дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.  Мөн Энэтхэг улсын Засгийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-тай хамтран хэрэгжүүлдэг дадлага олгох хөтөлбөрүүдэд органик хүнсний ногоо тарих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах,  газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хөдөөгийн эмэгтэйчүүд шинэ бизнес эрхлэх зэрэг чиглэлээр улсын болон хувийн салбарт ажилладаг иргэд тэтгэлгээр суралцах  боломжтой юм байна. Хамгийн гол нь дээрх хөтөлбөр, сургалтуудад хамрагдахад англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатайг онцоллоо.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабуг Завхан аймгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах олон санал тавьсанд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Дээрх саналууд 2020 он хүртэл хэрэгжүүлэх "Завханчуудын хөгжил дэвшил" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудтай тохирч байгаа учраас тус улсын Засгийн газрын Завхан аймагт олгож буй энэхүү хөтөлбөр, сургалтуудад аль болох олон хүн хамруулахыг хүсч байгаагаа  хэллээ. Мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, МАА-н гаралтай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг дэмжих, Завхан аймагт ноос угаах үйлдвэр байгуулахад Энэтхэг улстай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Ийнхүү Завхан аймаг Бүгд найрамдах Энэтхэг улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

 Энэ үеэр Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Д.Батсайханд Завхан аймгийн харьяат МУ-ын нэрт орчуулагч Ж.Гэндэндарамын орчуулсан Энэтхэг улсын эртний философийн 21 боть зохиолыг бэлэглэсэн бол аймгийн Засаг дарга орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүний дээжээс гардууллаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-10-16 17:40:25