Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОЙРЫН ДУУДЛАГЫН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт ойрын дуудлагын автомашин зайлшгүй шаардлагатай байсан юм. Тэгвэл Нэгдсэн эмнэлэгт 1980-1990 онд ажиллаж байсан ахмад эмч, ажилчдын үр хүүхдүүд 2008 онд үйлдвэрлэсэн 2017 онд Монголд орж ирсэн иж бүрэн тоноглогдсон ойрын дуудлагын MITSUBISHI DELlCA D5 маркийн туулах чадвар сайтай машин бэлэглэлээ. Тодруулбал,  чих хамар хоолой эмч Пүрэвжав, Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ядамжав, Мэдрэлийн эмч Батхуяг, Хүүхдийн эмч Шинэн, Эх барих эмэгтэйчүүдийн эмч Цэрэнлхам, Дашзэвэг, Нүдний эмч Баярхүү, Дүн бүртгэлийн бага эмч нарын үр хүүхдүүд болох Д.Алтантулга, Я.Жамьянгарав, Б.Анхтуяа, Б.Нарантуяа, Т.Батцэнгэл, Д.Оюунзул, Х.Амгаланбаатар нар энэхүү автомашиныг хандивласан байна. Автомашин гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, ажилчид, ахмад эмч нарын холбооны төлөөлөл  оролцлоо. 

Түргэн тусламжийн шинэ машин олон түмэнд хурдан шуурхай хүрч үйлчлэх ерөөлийг өргөж дөрвөн дугуйг нь сүүгээр мялаалаа. Машины түлхүүрийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан Нэгдсэн эмнэлгийн жолооч Р.Дашнямд гардуулан өглөө. Тэрээр дөрөв дэхь шинэ машиныхаа түлхүүрийг гардан авч байгаа юм байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэг ийнхүү иргэдийн оролцоотойгоор ойрын түргэн тусламжийн автомашинтай боллоо. Эмч, ажилчдын хүүхдүүд дараагийн удаа бөөрний тасгийг иж бүрэн тохижуулж өгөхөө амласан бол одоо ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид ч өөрсдөө нийгмийн сайн сайхны төлөө гар бие оролцоно гэдгээ илэрхийлж байлаа. Төрийн ажлыг хийхэд улсаас төсөв хөрөнгө хараад суугаад байх бус энэ мэтээр иргэдийнхээ оролцоотой шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулж байна. Цаашид бусад салбарт ч иргэдтэйгээ хамтран ажиллаж бодит хөрөнгө оруулалтуудыг хийхэд аймгийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-07 15:39:51