Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

МУ-ын Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасан байна. Шагнал гардуулан ёслолын ажиллагааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж үг хэллээ. Тэрээр Завхан аймаг энэ жил 44 жилийн дараа төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-т 7 дахь аймаг  болж, төрийн одон медаль түмэн олны энгэрт гялалзсан сайхан жил болж байгааг онцоллоо. Төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг  УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ардчилсан намын нарийн бичгийн дарга П.Нүрзэд, Ардчилсан намын Орон нутаг хариуцсан дарга Батцэцэг нар гардуулан өглөө.

Энэ жил Завхан аймгийн 477 иргэн төрийн дээд одон медалиар, 4 иргэн Монгол Улсын гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Шагнал гардуулан ёслолын үйл ажиллагааны үеэр Завхан аймгаас төрсөн отгон гавьяат, Монгол Улсын гавьяат малын эмч, Завханмандал сумын Засаг дарга Т.Дэлгэрсайханд хүндэтгэл үзүүллээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд нүдээ олсон шагнал өгч байх тухай шийдвэр гаргасныг энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа  уламжиллаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-08 11:48:40