Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“БАГШИЙН СЭТГЭЛ ХҮҮХДЭД-2” БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аливаа улс, орон нутгийн хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг. Тиймээс Завхан аймаг ирээдүйд хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин бэлтгэх багш нараа чадваржуулах, мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэхэд онцгойлон анхаарч  “Сайн багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Багш нараа улсын тэргүүний сургуулийн шилдэг багш нарын мэдлэг, ур чадвар, заах арга зүйгээс суралцуулах, улмаар сурагчдынхаа амжилтыг дээшлүүлэх зорилгоор энэ оны 01 дүгээр сард нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран Тосонцэнгэл суманд “Багшийн сэтгэл хүүхдэд-1” багш, удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж зүүн бүсийн 14 сургуулийн багш нар оролцсон юм. Тэгвэл 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Улсын тэргүүний “Сант” бүрэн дунд сургууль, нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуулиудтай хамтран “Багшийн сэтгэл хүүхдэд-2” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж баруун бүсийн 15 сургууль, мэргэжлийн боловсролын сургуулиудын 600 гаруй багш, удирдах ажилтнуудыг чадавхижууллаа. Энэ сургалтанд мөн 24 сумын 29 ерөнхий боловсролын сургуулийн математик, физик, мэдээллийн технологийн багш нар оролцлоо. Сургалтын үр дүнд багш нарын мэдлэг, ур чадвар дээшлэхээс гадна сэтгэлгээ, хандлага, сурагчидтайгаа харилцах арга барилд томоохон дэвшил гарна гэж харж байгаа юм.

“Сант” “Шинэ үе” бүрэн дунд сургуулиийн багш нар Завхан аймгийн багш нарын идэвхи чармайлт, мэдлэг чадвар сайн байгааг онцолж байсан юм. Түүнчлэн Монгол улсдаа төдийгүй дэлхийн дэвжээнд цахиур хагалах шилдэг боловсон хүчин бэлтгэхэд ийнхүү одооноос анхаарал хандуулан, ач холбогдол өгч “Сайн багш” хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлж буйг сайшааж, бусад аймгуудад туршлага болохуйц үр дүнтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Сургалтанд хамрагдсан багш нарын хувьд ч улсын шилдэг багш нараас суралцаж, практикт суурилсан үр дүнтэй сургалт болсныг хэлж байлаа.

Завхан аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж,  боловсон хүчнээ гадаадын улс орнуудад суралцуулж эхэллээ. Өнгөрсөн жил Япон улсад 6 багшийг суралцуулсан бол 2018 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 10 багшийг англи хэл, компьютерийн хосолсон сургалтанд, төрийн захиргааны 5 албан хаагчийг мэргэжлийн сургалтуудад хамруулахаар төлөвлөөд байна. Цаашид АНУ, БНХАУ, Тайвань зэрэг улс орнуудад боловсон хүчнээ бэлтгэнэ. “Багшийн сэтгэл хүүхдэд-2” багш, удирдах ажилтнуудад зорилсан сургалтын үеэр АНУ-ын Элчин сайдын яамны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Алтанцэцэг АНУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

“Багшийн сэтгэл хүүхдэд-2” үйл ажиллагааны үеэр мэдээллийн технологийн мэргэжилтнүүд Завхан аймагт ажиллаж багш нарыг “Удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-д холбох ажлыг эхлүүлээд байна.  Тэд энэ сарын 15-ны өдрөөс бүх сумд очиж багш нэг бүртэй тулж ажиллах юм. Ингэснээр орон нутгийн багш нар  онлайнаар мэдлэг мэдээллээ солилцох, ур чадвараа өдөр тутам дээшлүүлэх боломж бүрдэнэ. Завхан аймгийн зүүн бүсийн шилдэг багш нар өнгөрсөн жил “Шинэ үе” сургууль дээр туршлага судалсан бол энэ удаад баруун бүсийн сургуулийн багш нар улсын тэргүүний “Сант” бүрэн дунд сургуулиас туршлага судална. “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд энэ өвөл Тосонцэнгэл суманд дараагийн шатны сургалтыг, ирэх жил зуны сургалт тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн багшийн хөдөлмөрийг бэлтгэсэн шавийнх нь амжилтаар үнэлж урамшуулдаг тогтолцоо руу шилжлээ. Өөрөөр хэлбэл  идэвх чармайлттай ажиллаж, сайн шавь бэлтгэж байгаа багш нарыг илүү урамшуулдаг шударга тогтолцоог бий болголоо. Энэ жилээс элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан сурагчийн багшийг 800.000 төгрөгөөр шагнаж эхэлсэн бол, шавь нь улсын олимпиадаас алтан медаль хүртсэн багшийг аймгаас 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулах шийдвэрийг гаргаад байна. Энэ мэтээр 2020 он хүртэл хэрэгжих “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд бодит үр дүнтэй олон ажлыг зохион байгуулна.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-11-10 17:23:16