Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
2018 ОНД ЗАВХАН АЙМГИЙН БҮХ СУМАНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨНӨ

Завхан аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан болж 40 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч оролцож 85 хувийн ирцтэйтэйгээр хуралдлаа. Эхлээд аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. 4 бодлого, 24 зорилт, 161 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 97,2 хувийн биелэлттэй буюу маш сайн хэрэгжсэн гэж дүгнэлээ. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан танилцуулж хэлэлцүүллээ. “Хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг” болох гол зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг 93.7 хувийн хэрэгжилттэй буюу мөн л хангалттай сайн гэсэн үнэлгээ өглөө.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Ирэх оны Үндсэн чиглэлийн төслийг “Ард иргэдээ сонсох аян”-ы хүрээнд иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдээс авсан саналуудыг үндэслэн ажлын хэсгийн 8 удаагийн хурал, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар тус тус хэлэлцүүлэн боловсруулсан юм. Өөрөөр хэлбэл 2018 оны Үндсэн чиглэлийг боловсруулахдаа 24 сумын иргэдийн саналыг авч тусгасан нь нээлттэй, олон нийтийн оролцоог хангаж чадсан гэдгээрээ онцлог байлаа. Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 2015-2016 онуудад концессийн гэрээгээр болон эрх шилжигдэж хийгдсэн боловч санхүүжилт нь шийдэгдээгүй ажлуудын хөрөнгийн эх үүсвэр болох 218 сая төгрөгийг шийдвэрлэхээр тусгасан, “Орон нутгийн хөрөнгө оруулалт” гэсэн санхүүжилтийн шинэ эх үүсвэрээр бүтээн байгуулалтын багагүй ажлуудыг төлөвлөсөн, сум бүрт чиглэсэн ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөрөө онцлог болсныг хэлж байлаа. Тухайлбал бүх сумд тохижилт, соёлжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх “Миний гоё сум” хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүүхдийн цэцэлэгүүдийг камержуулах, Залуу малчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “Гэр өргөө”-г сум бүрийн сургуулийн дотуур байранд байгуулна. Мөн 2018 оныг “Сахилга хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлах бөгөөд Төрийн үйлчилгээг багт хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, Таны туслагч гарын авлагыг өрх бүрт хүргэх, И-оффис программыг 200 төрийн байгууллагат нэвтрүүлэх, шинээр сумдын ЗДТГ, цэцэрлэг, сургууль, соёлын төв, эрүүл мэндийн төвүүдийн 14 барилга барих, багийн эмч нарыг унаажуулах, 5 сайн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөөд байна. Нийтдээ 4 бүлэг 26 зорилтын хүрээнд 205 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хуралдаанаар аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Суурь орлогын төлөвлөгөө 2017 онд 6,6 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 7 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Орон нутгийн хөгжлийн сан 2017 онд 1,7 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 3,4 тэрбум төгрөг болж өссөн байна. Мөн ирэх онд орон нутгийн хөрөнгө оруулалт урсгал зардалд 2,7 тэрбум төгрөг, нийт 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагджээ. Төрийн албан хаагчдад хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгогдохоос гадна УИХ-ын 2017 оны 29-р тогтоолыг баримтлан ажиллаж эрүүл мэнд, боловсрол онцгой байдал, цагдаагийн байгууллагаас бусад салбарт нөхөн томилгоо хийхгүй гэдгийг хэлж байлаа.  

Завхан аймаг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй ганц аймаг байсан. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар аймгийн газар зохион байгуулалтын 2018-2033 оны ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Мөн Асгат суманд шинэ баг байгуулахаар боллоо. Эцэст нь Ногоон алт төслөөс “Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, түүнийг нөхөн сэргээх, доройтлоос урьдчилан сэргийлэх арга замууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Ийнхүү аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан амжилттай болж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хэлэлцэн баталлаа. 

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-12-05 12:43:05