Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ОТРЫН МАЛЧДАА ЭРГЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг 2018 оны 2 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд хуваарийн дагуу Хөвсгөл аймагт отор нүүдэл хийж буй малчдаа эргэж тусламж дэмжлэг үзүүллээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Чандмань, Хатгал, Алаг-Эрдэнэ зэрэг сумдаар 1600 км замыг туулж оторт яваа 10 гаруй хот айлын санал хүсэлтийг сонсож нөхцөл байдалтай танилцлаа. Мөн гарын бэлэг гардуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Отрын малчдад аливаа хүндрэл тохиолдоогүй бөгөөд өмнөх жилүүдэд отор хийж байсан туршлагатай учраас очсон газрынхаа багийн дарга, эмч нартай байнгын харилцаа холбоотой байдаг байна. Оторчдод шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд сум, багт уламжилж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэгт малчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

 

Мөн Их-Уул сумын удирдлагууд Баянхонгор, Архангай аймагт, Ургамал сумын удирдлагууд Увс аймагт өвөлжиж буй оторчдоо эргэх ажлыг зохион байгууллаа. Тосонцэнгэл сумаас цөөн тооны малчид оторт явсан бөгөөд байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Ийнхүү  энэ жил Завхан аймгаас отор нүүдэл хийсэн малчид өвлийг өнөтэй давж, урин хавартай золголоо.

НИЙТЭЛСЭН: 2018-02-27 11:30:32