Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГТ ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Манай улсад өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжиж эхэлж байна. Тэгвэл хөдөө орон нутагт анх удаа, тэр дундаа хамгийн сэрүүн бүс нутаг Завхан аймагт өвлийн нарлаг хүлэмжийн аж ахуй ашиглалтанд орлоо. Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй “Загасан нүд-Загастай” ХХК олон жил судалгаа хийсний үндсэн дээр мэргэжлийн агрономичийн удирдлаган дор өнгөрсөн оны 11 дүгээр сард эхний тариалалтаа хийж навчит салат, бууцай, юуцай, яншуй, редиск гэх мэт 6-8 төрлийн навчит ногоо тариалсан бол 2 дахь тариалалтаараа өвлийн хүлэмжийн үндсэн таримал, хамгийн өндөр дулаан шаарддаг огурцы, помидор тариалж ид хүйтэн  үе буюу 2 дугаар сард эхний ургацаа амжилттай хураан авчээ. Одоогоор 300 м.кв хоёр ширхэг өвлийн нарлаг хүлэмжинд тариалалтаа хийж байна. 1м.кв талбайгаас 3,5-4 кг навчит ногоо, 8-12 кг помидор, чинжүү хураан авч хэрэглэгчдэд эрүүл хөрсөнд ургасан шинэ ногоогоор үйлчилж эхэллээ.

Ирэх жилээс дахин 2 хүлэмж нэмж бариснаар огурцы, помидор, чинжүү, навчит ургамлын төрөлжсөн 4 хүлэмжтэй болох юм. Мөн стандартын шаардлага хангасан 300 м.кв зоорь, үйлдвэрийг байрыг ашиглалтанд оруулсан байна. Цаашид хүлэмжийн аж ахуйгаа түшиглэн даршилсан нөөцөлсөн бүтэгдэхүүн үйлдвэрлэхээр  төлөвлөжээ.

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг ийнхүү газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгэн томоохон төслийг эхлүүлж Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 550 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд орон нутгийн иргэд жилийн 4 улирлын турш шинэ ногоо хэрэглэх боломжтой боллоо. Энэхүү хүлэмжийн аж ахуйг түшиглэн бусад бизнес эрхлэгчид тахиа, фермийн аж ахуй байгуулж болох юм байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-03-26 10:01:16