ЗАВХАН АЙМГИЙН СУРАГЧИД ДЭЛХИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИНЭ
3538 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачлагаар таван "Сайн" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Сайн оюутан" хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын ЗДТГ, аймгийн БСУГ-тай хамтран Тайвань улсын Азийн Их сургууль, Нанхуа Их сургуульд Завхан аймгаас оюутан суралцуулах гэрээг байгуулаад байна. Хэлний мэдлэг, тодорхой санхүүгийн чадвартай байх шалгууртай дээрх сургуулиудад суралцахаар 25 сурагч бүртгүүлжээ. Англи хэлний бэлтгэлийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 1-нд сонгон шалгаруулалтаа хийж Азийн их сургуульд 5 оюутныг 50 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, Нанхуа Их сургуульд 5 оюутныг 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэйгээр тус тус суралцуулна.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг Глобал удирдагч дээд сургуультай хамтран зохион байгуулж байна. Шалгарсан 10 сурагчийг 9 дүгээр сарын 1 хүртэл англи хэлний  эрчимжүүлсэн сургалтанд хамруулна. Байрны төлбөр, зуучлалын зардалд Улиастай сумын ЗДТГ-аас 22 сая төгрөг зарцуулах бол ирж, очих унааны зардал, хоол, ном сурах бичиг гэх мэт  нэмэлт зардлуудаа оюутнууд өөрсдөө хариуцах юм.

 

Цаашид "Сайн оюутан" хөтөлбөрийн хүрээнд БНСУ, БНХАУ, Польш зэрэг улсуудад Завхан аймгаас оюутан суралцуулахаар төлөвлөөд байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-03-26 10:16:59