Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЭЛМЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА О.БАТЧУЛУУН: “БИД ТЭЛМЭНЧҮҮД” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Юуны өмнө Завхан аймгийн 2017 оны шилдэг сумын нэгээр шалгарсанд баяр хүргэе. Онцлох ямар ажлууд хийв?

 

2017 он манай сумын хувьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт арвинтай сайхан жил байлаа. Тухайлбал, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай автозамын ажил эхэлж 59 км зам хатуу хучилттай боллоо. Мөн 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга, ХААН банкны барилга, Жи мобайлын дахин дамжуулах станц, Идэрийн голын гүүрний засвар зэрэг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ. Үр дүнд нь давхардсан тоогоор 69 хүн байнгын болон түр ажлын байраар хангагдлаа. ОНХС-д 17.1 сая төгрөг хуваарилагдсанаас сумын ЗДТГ-ын фондонд 40 тн хадлан тэжээл,  бэлтгэж, Нуур багийн Хасгайн даваа, Баян-Айраг багийн Хар чулууны голын замыг малчидтайгаа хамтран засч сайжрууллаа. Өнгөрсөн онд Завхан аймгийн хэмжээнд анх удаа залуу малчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж энэ үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон бусад холбогдох газар хэлтсийн дарга нар оролцсон. Энэ онд малчдын чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж “А” үнэлгээтэй дүгнэгдсэн.

 

Сумандаа үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ хэрхэн дэмжиж байна вэ?

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд “Тэлмэнд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Манай сумын малчид, иргэд өөр өөрийн хаяг, шошготойгоор бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Мөн Улаанбаатар, Эрдэнэт, Улиастай хотуудад зохион байгуулсан үзэсгэлэн худалдаануудад идэвхтэй оролцлоо.

 

Төрийн үйлчилгээний талаар ямар шинэлэг ажил зохион байгуулав?

 

Иргэдээ сонсох аян, багийнхаа Иргэдийн нийтийн хурлыг улирал бүр зохион байгуулж, энэ үеэрээ төрийн цогц үйлчилгээг иргэддээ хүргэн ард түмнээ сонсож Засаг даргын Тамгын газар болон төсөвт албан байгууллагууд хууль, мэдээ, мэдээллийг тогтмол сурталчилан ажиллахын зэрэгцээ сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийнхээ санал хүсэлтийг тусган ажиллаж байна. Бүх албан байгууллагын дарга, эрхлэгч нарт тодорхой үүрэг чиглэл өгч, төрийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах тал дээр анхаарч, иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна.

 

2018 онд танай суманд бүтээн байгуулалт хэрхэн өрнөх бол?

 

Энэ онд Тосонцэнгэл – Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажил 4 дүгээр сараас эхлэнэ. Мөн 4 замаас Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай замын трассын ажил хийгдэнэ. Мөн аж үйлдвэрийн паркийн ажил эхэлбэл Тэлмэн сумын ард иргэд ажилтай орлоготой болох боломж бүрдэнэ. 2018 онд ОНХСанд 66 сая төгрөг хуваарилагдсанаас соёлын төвийн дуу чимээ, дулаан алдалтыг багасгахад 15 сая төгрөг, тариалангийн талбайн хашаа хамгаалалтыг сайжруулахад 10 сая төгрөг, ЕБС-ийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад 11 сая төгрөг, Эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 5 сая төгрөг зэрэг бүтээн байгуулалтын 11 ажилд зарцуулахаар шийдвэрлээд байна.

 

Танай суманд хаваржилт хэр байна вэ?

 

Тэлмэн сум жилийн эцсийн мал тооллогоор 157.731 толгой мал тоолуулсан. Хаваржилт сайхан болж байна. Манай сумын тухайд бэлчээрийн даац, малын чанарт анхаарлаа хандуулах цаг болсон байгаа.

 

“Миний гоё сум” төсөл танай суманд хэрхэн хэрэгжих вэ?

 

Манай сум өнгөрсөн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ “Хоггүй цэвэр сум” аяныг аймгийн хэмжээнд анх удаа санаачлан зохион байгууллаа. Баг бүрээс цэвэрч хот айл, албан байгууллага, айл өрхийг шалгаруулж шагнаж урамшуулсан. “Миний гоё сум” төслийн хүрээнд сургуулийнхаа 80 жилийн ойг угтаж сумын хэмжээнд 80 бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад байна.

 

Завхан аймаг 2018 оныг “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлалаа. Энэ зорилтын хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөв?

 

Аймгийн Засаг даргын санаачилсан Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг мөрдөн ажиллаж байна. Мөн аливаа үүрэг даалгавар, түүний биелэлтийг аман хэлбэрээр бус, албан бичгээр тооцож ажиллахаар шийдвэрлэсэн. Ингэснээр төрийн албан хаагч бүрийн хариуцлага сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж харж байгаа. Завхан аймаг анх удаа “Төрийн албаны удирдах ажилтны сахилга хариуцлага, манлайллыг дээшлүүлэх” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ зөвлөгөөн төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэх, төрийн үйлчилгээг ард иргэддээ шуурхай хүргэхэд чухал үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Зөвлөгөөнөөр яригдсан асуудал, гарсан шийдвэрүүдийг бид сумынхаа төрийн албан хаагчдад танилцуулж, биелэлтийг хангуулан ажиллахын зэрэгцээ 7 хоног бүрийн Даваа гаригийн 8 цаг 30 минутаас албан хаагчдын шуурхай хурлыг хийж, Баасан гаригийн 17 цаг 30 минутанд албан хаагчдын 7 хоногт хийсэн ажлын тайлангийн хурлыг хийж хэвшлээ. Төрийн албан хаагчдад айл өрхийг хариуцуулан ажиллуулах ажлын удирдамжийн дагуу 143 төрийн албан хаагчдад 4-5 өрхийг хариуцуулан шинээр батлагдсан хууль тогтоомж, аймаг орон нутгийн цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэхээс гадна малчид, ард иргэдэд сар бүр хэвлэгдэн гарч байгаа “Өдрийн сонин”-ны тусгай дугаарыг хүргэн ажиллаж байна. 

 

Ойрын жилүүдэд Тэлмэн сум хэрхэн хөгжих вэ?

 

Тэлмэн сумын хөгжил дэвшлийн төлөө уриатай “Бид Тэлмэнчүүд” 2016-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. 2012-2016 онд “Жишиг сум” хөтөлбөр боловсруулан ИТХ-аар батлуулан гаргасан байдаг. Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн энэ хөтөлбөртэй уялдуулж “Бид Тэлмэнчүүд” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

 

Баярлалаа. Нийт уншигчдынхаа өмнөөс танд ажлын өндөр амжилт хүсье.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-04 14:49:27