Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
НӨМРӨГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ТҮМЭНДОРЖ: СУМАА ЖИШИГ СУМ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ

Нөмрөг сум өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа өндөр үнэлгээ авч дэд байрт шалгарлаа. Ололт амжилт, шинэлэг ажлуудынхаа талаар эхлээд мэдээлэл өгөөч?

 

Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг орон нутгаас дэвшүүлсэн зорилтуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгож, албан байгууллага бүрт бүтээлч ажлын даалгавар өгч биелэлтийг тооцон ажиллалаа. Нөгөө талаар өмнөх жилүүдэд хуримтлагдсан өр төлбөрийг багасгах, сахилга хариуцлагыг шат шатанд нь дээшлүүлэхэд анхаарлаа хандууллаа. Хойд чиглэлийн 6 сум, баруун 3 аймгийн зам манай сумыг дайран өнгөрдгөөрөө онцлогтой. Зам харилцааны гол чиглэл учраас давуу талуудаа ашиглаж ажиллах ёстой. Хамгийн том ажил болох Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн хатуу хучилттай замын ажил эхэллээ. 2002 оноос хойш аж ахуйн аргаар барьсан стандартын шаардлага хангаагүй барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан Цаг уурын өртөө шинэ байртай боллоо. Нутгийн зөвлөлийн гишүүн, Жем интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ойгонгэрэл хувийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвд урсгал засвар хийж гэрэлтүүлэг, нэгдсэн халаалттай болсноор үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл сайжирлаа. Мөн  хувийн хөрөнгө оруулалтаар Гандантэгчилэн хийдэд өргөтгөл, их засварын ажил хийсэнд иргэд их талархалтай хандаж байгаа. Халуун усны асуудлыг шийдэж, 3 худгийг байнгын ажиллагаатай болгосон зэрэг олон ажил бий.

 

2017 онд ОНХСанд хэдэн төгрөг хуваарилагдав? Энэ хөрөнгөөр ямар ажил хийв?

 

Зарим иргэд Сум хөгжүүлэх сан, ОНХС-ийн хөрөнгийг хольж ойлгодог. Өмнөх жилүүдэд сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргэн төлөлтөө хийгээгүй иргэд их байна. Энэ асуудал дээр нэлээд анхаарал хандуулж, гарсан зөрчил дутагдлуудыг арилгах талаар эрчимтэй ажиллана. ОНХС-ийн хөрөнгө бол буцалтгүй хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь бидний үүрэг. Өнгөрсөн жил 10.1 сая төгрөг хуваарилагдсан. Үүнээс 5 сая төгрөгийг улсын баяр наадмын зардалд, 2 сая төгрөгийг болзошгүй гамшиг ослын үед зарцуулах  ёстой. Үлдсэн 3.1 сая төгрөгийг сумын ЗДТГ-ын урсгал засвар, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад зарцууллаа. Сумын ИТХ-аараа “Шинэ гудамж” төслийг батлан хэрэгжүүлж 8 хашааг стандартын дагуу барилаа.

 

2018 онд бүх сумын ОНХС-ийн хөрөнгө нэмэгдсэн. Танай сумын тухайд?

 

Энэ онд манай сумын ОНХС-д 40 гаруй сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөрөнгийн дийлэнх хувийг 12 машины орчин үеийн дулаан граж барихад зарцуулахаар төлөвлөж байна. Зуны улиралд машин угаалгын газар болгож 2-3 хүнийг ажлын байраар хангана.

 

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих томоохон зорилт тавин ажиллаж байгаа. Нөмрөг сум үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байна вэ?

 

Манай сум брэнд бүтээгдэхүүн багатай ч аймгаас санаачлан зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад боломжоороо тогтмол оролцдог. Харин зөөлөн оёдлын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Сумын иргэдээс гадна хойд сум, Улаанбаатараас хүртэл  захиалга өгдөг. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийнхээ үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах талаар анхаарч байна. Энэ жил үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, олон нийтийн байгууллага жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа явуулах байраар хангагдана. Нэгдсэн халаалтанд холбогдсон давуу талаа ашиглаад төрөөс боломжоороо дэмжиж тусална.

 

Нөмрөг суманд ажилгүйдлийн түвшин ямар байна, Өнгөрсөн онд хэдэн хүн ажлын байраар хангав?

 

Ажилгүйдлийн түвшин харьцангуй гайгүй. Хамгийн гол нь ажилгүйдээ биш, залхуу учраас ажилгүй байна гэж харж байгаа. Ер  нь төрийн албанд ороод ширээний ард сууж байгаа хүн л ажилтай, бусад нь ажилгүй гэж ойлгож болохгүй. Түр ажлын байраар багагүй иргэд хангагддаг. Гэвч хийе, бүтээе гэсэн сэтгэлгүй, элдэв бэрхшээлээс зайлсхийж байгаа нь залуучуудыг ажилгүй болгож байна. МУ-н гавьяат дасгалжуулагч Адъяахүү начин: “Таны хүүхэд сурлагагүй, авъяасгүй байж болно. Гагцхүү ажил хөдөлмөр хийж сурсан байх ёстой” гэж хэлсэн байдаг. “Онц хийсэн юмгүй дээ” гэдэг хүнийг би их гайхдаг. Надад 40 жил зүгээр суусан, завтай өдөр байгаагүй. Залуучууд өөрийнхөө өмнө зорилго тавьж цаг наргүй хөдөлмөрлөх ёстой.

 

Завхан аймаг 2018 оноос “Миний гоё сум” төслийг 24 сумандаа хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд танай сумын хэрэгжүүлж байгаа “Шинэ гудамж” төсөл үргэлжилнэ гэж ойлголоо. Өөр ямар ажил хийхээр төлөвлөв?

 

“Миний гоё сум” төслийн хүрээнд сум бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ёстой. Хамгийн сайн төсөл бичиж идэвхтэй оролцсон суманд их санхүүжилт өгөх болзол тавьсан. Манай сум бүх төсөл хөтөлбөр, шаардлагатай зураг төслөө гаргаад аймгийн удирдлагуудад өгсөн. Надад аж ахуйн ажлын хуримтлуулсан туршлага их байгаа учраас олон ажлыг бусад сумуудад жишиг болохуйц үр дүнтэй зохион байгуулна гэж бодож байна.

 

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдээ сонсож ажиллах талаар зохион байгуулж буй шинэлэг ажлуудаасаа хуваалцвал?

 

Жижиг суманд төрийн албан хаагчид иргэдтэйгээ харьцангүй ойр байдаг учраас асуудал бага. Бид сумын ЗДТГ-таа пургон автомашин захиалсан. Учир нь нэг дарга зөөлөн машин унах биш, пургон автомашинаар хөдөөгийн багийн иргэддээ төрийн үйлчилгээг нэг дор хямд зардлаар хүргэж ажиллахыг зорьж байна. Энэ оны 02 сарын сүүлээр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан 5 ажлын хэсэг 5 чиглэлд ажиллаж иргэддээ үйлчиллээ. Аймгийн Засаг даргын санаачилсан “Төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчим”-ыг мөрдөн ажиллаж байна. Манай аймгийн үйл ажиллагаа улам бүр боловсронгуй болж, сайжирч, төгөлдөржих нь энэ жилийн аймгийн Засаг даргын сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээнээс харагдлаа. Гэрээнд төрийн албан хаагч бүр 1-3 айл өрхийг хариуцан ажиллаж мэдээллийг шуурхай хүргэх, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг хийх ажил, хүлээх үүрэг хариуцлагыг маш дэлгэрэнгүй бөгөөд тодорхой зааж өгсөн нь эдийн засагч аймгийн Засаг даргатай байгаагийн давуу тал гэж харж байна. Бид жилийн 365 хоногийн 100 гаруй хоногт нь амардаг. Тиймээс  сумынхаа төрийн албан хаагчдад найман 7 хоногийг бүтээн байгуулалтын ажилд шилжүүлж, нэг төрийн албан хаагч нэг бүтээн байгуулалт хийх шаардлага тавьсан. Сумын Засаг дарга санаачлан хамгийн том бүтээн байгуулалтыг хийнэ. Ер нь төрийн ажлыг хийвэл хийсэн шиг хийх, чадахгүй бол болих хэрэгтэй. Манай зарим залуучууд бэрхшээлээс халгах, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьснаас иргэдийн итгэлийг алдах тохиолдол ажиглагддаг. Нэгэнт олон түмний итгэл найдварыг хүлээгээд чадна гэсэн амлалт өгсөн л бол түмэн олныхоо эрх ашгийг түрүүнд нь тавьж ажлаа хариуцлагатай гүйцэтгэх нь бидний нэн чухал үүрэг гэж ойлгож хөдөлмөрлөх ёстой.

 

2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлынхаа талаар мэдээлэл өгвөл?

 

Аймгийн төсвийн 46 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн урсгал засварын ажлыг хийнэ. Өнгөрсөн жилүүдэд аж ахуйн нэгж байгууллагуудад өгөөд үр дүнгүй болсон хөрөнгө их байна. Тухайлбал, 28 сая төгрөгөөр бохирын машин авна гэсэн атал бохирын машин ч алга, 28 сая төгрөг ч байдаггүй. Заалны өргөтгөл хийхээр 58 сая төгрөгийг нэг байгууллагад шилжүүлсэн байдаг боловч заал өргөн урт болоогүй, мөнгө нь ч байдаггүй. Төрийн эдгээр хөрөнгийг үр дүнтэй болгох талаар идэвхтэй хөөцөлдөж байна. Тухайн байгууллагуудад ажлаа гүйцэтгэх, эсвэл төрийн мөнгийг буцааж өг гэсэн шаардлага тавьж байгаа. Манай сумын төв гудамж нэлээн өргөн, хамгийн нарийн хэсэгтээ 22 метр. Сонгино чиглэлийн 9-11 метр өргөн хатуу хучилттай авто замыг төв гудамжаараа тавиулахаар их хөөцөлдөж байна. 100 гаруй хүн гарын үсэг зурж, ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан, сумын Засаг дарга хүсэлтээ аймгийн Засаг дарга болон УИХ-ын дэд дарга, бусад холбогдох байгууллагуудад уламжилсан. Учир нь манай сумын төв зам дагуу байрлах 11 дэлгүүр, 16 цайны газрын орлого нэмэгдэж, үйл ажиллагаа нь сайжирна. Гэтэл төв замаар биш, сумын төвийн урдуур хатуу хучилттай зам тавих тухай ярьж байна. Урдуур нь тойруулж зам тавибал 341 метр урт зам тавигдахаас гадна ухсан шилэн кабелийг 4 хэрчинэ, дээрээс нь замын наана цаана хашаа байшин тулгаж барьснаар манай сум эвдэгдэхэд хүрнэ. Хатуу хучилттай замаа төв гудамжаар тавьчихвал манай сум 1.1 км хатуу хучилттай замтай болохоос гадна сумын үйлдвэрлэл үйлчилгээ сайжрах, 341 метр замын хөрөнгө хэмнэх зэрэг олон давуу талтай. Энэ онд “Шинэ гудамж” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр иргэд зах зээлийн үнээс хямд өртгөөр шинэ хашаатай болно. Сум орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулахаас гадна иргэндээ үлдэж буй томоохон хөрөнгө юм. 2018 он бол Нөмрөг сумын хувьд ажил хөдөлмөр өрнөсөн, амжилт бүтээл арвинтай сайхан жил болно.

 

Баярлалаа, Таны ажилд амжилт хүсье.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-06 14:53:35