Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ “ITM-MONGOLIA-2018” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Энэ жил 19 дэхь жилдээ зохион байгуулж буй “ITM-MONGOLIA-2018” Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2017-2018 оны түнш Завхан аймаг, Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, гадны зочдыг төлөөлж ОХУ-ын Тува улсын Соёлын яамны сайд Тамдын Алдар Константинович, “ITM-2018” үзэсгэлэнийн түнш Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар мэдчилгээ дэвшүүлж үг хэллээ. 2013 оноос үзэсгэлэнгийн түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд 2018 оны түнш аймгаар шалгарсан Завхан аймаг орон нутгийнхаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцууллаа.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын байгалийн үзэсгэлэн цогцолсон Улаагчны хар нуурын хөвөөнд өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн “Нүүдэлчдийн соёлын наадам” арга хэмжээ Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг  сонирхож буй гадаад, дотоодын иргэд, жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Өнгөрсөн жилийн “ITM-MONGOLIA Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл оролцож байсан бол энэ жил Япон, БНСУ-ын аялалын жуулчлалын байгууллагын төлөөлөл оролцлоо. Тус үзэсгэлэнг 2018-2019 онд зохион байгуулах түнш аймгаар Увс аймаг шалгарч,  2017-2018 оны түнш Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан шилжин явах тугийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардуулан өглөө.

“ITM-MONGOLIA Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаад Завхан аймгийг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдсэн байна. Өвөг дээдсээсээ уламжилсан дэлхийд гайхуулах Монгол соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдаа орлогын эх үүсвэртэй болгох зорилгоор "Нүүдэлчдийн соёлын наадам"-ыг энэ жил 7-р сарын 4-6-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ зохион байгуулна. Монголын "Шилдэг зорин очих газар"-аар шалгарсан Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур дээр зохион байгуулах "Нүүдэлчдийн соёлын наадам"-ын тухай мэдээллийг танилцуулж, энэ зун Завхан нутагт морилон саатахыг урилаа. 

 

“ITM-MONGOLIA-2018” Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр бүс нутгийн аялал жуулчлалын тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан бол Монголын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилгоор бизнес уулзалтыг тус тус зохион байгууллаа. 

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-04-07 14:08:05