Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖИЛ” ТӨР, ШИНЖЛЭХ УХААН, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан аймгийн ЗДТГ-тай хамтран “Завхан аймгийн хөгжил” төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, сумдын Засаг дарга зэрэг төрийн зүгээс шийдвэр гаргах түвшний удирдлагууд, Завхан аймгаас төрсөн эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийнхэн, ОУ-ын байгууллагын төлөөлөгч хөрөнгө оруулагчид оролцлоо.

 “Завхан аймгийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөлт”-ийн талаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбар Завхан аймгийн хөгжлийн үндсэн салбар гэж харж байгаа юм. Ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулах үйлдвэр хөгжүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Арц суурийн боомтоор ОХУ-руу гадаад худалдаа хийх боломжтой. Хатуу хучилттай авто замын сүлжээ сайжирч байна. Өнгөрсөн жил 60 км хатуу хучилттай автозам тавигдсан бол энэ жил 54 км хатуу хучилттай автозам ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Мөн Загастайн давааны 67 км, Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км автозамуудыг эхлүүлснээр дэд бүтцийн хувьд давуу тал бүрдэх юм. Ээрмэл, сүлжмэл, эсгий эдлэл, оёдол хатгамалын үйлдвэрлэл хөгжих боломжтой. Ноос угаах үйлдвэрийг байгуулснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, барилгын дулаалгын материал үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын тухайд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэх, дэд бүтэц /зам харилцаа, харилцаа холбоо, эрчим хүч, дулаан хангамж/,  маркетинг сурталчилгаагаа сайжруулах шаардлагатай  байгаа юм. Мал, амьтны гоц халдварт өвчингүй учраас мах боловсруулах үйлдвэрлэлийн салбар, фермерийн аж ахуй хөгжих давуу талтай.

Зөвлөгөөний үеэр “Бат Оршигч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тибаков Иван Петрович малын тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийн тухай танилцуулга хийсэн бол “Атмор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хосбаяр “Нутагтаа сайхан амьдаръя”, “Монделкрита” ХХК-ийн захирал П.Золзаяа “Аялал жуулчлалын бизнес хөрөнгө оруулалт”, Эко-Алтай хүнс ХХК-ийн төслийн удирдагч Б.Артагбат “Завхан аймагт “Халал” аргаар мах бэлтгэх үйлдвэр нэвтрүүлэх”, “Буянт сүлд” ХХК-ийн менежер Н.Алтанзул “Ноос ноолуурын анхан шатны боловсруулалтын үйлдвэр байгуулах”, “Хунжуй” ХХК-ийн захирал Ө.Даваасамбуу “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ.Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс нэн түрүүнд мах бэлтгэх, ноос ноолуур боловсруулах, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. 

 

Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны энэхүү уулзалт, зөвлөгөөнөөр сум, орон нутгийн хөгжлийг тодорхойлох хөрөнгө оруулалт татах, ард иргэдээ ажилтай орлоготой болгохын тулд төр, хувийн хэвшлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар болсон юм.  Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн байгууллагууд орон нутгийн эдийн засагт үр өгөөжөө өгөх, ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нь төрийн зүгээс аливаа шалтаг, дарамт шахалт үзүүлэхгүйгээр бүхий л  талаар дэмжиж ажиллахаар боллоо. Мөн нутгийнхаа эрдэмтэн, докторуудын санал санаачилга, эрдмийн бүтээлүүд дээр тулгуурлан хөгжих хэрэгтэйг хэллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-06 15:40:52