Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЗАВХАН ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ-2018” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Завхан нутгийнхаа хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргахыг зорьж төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийнхэн Төрийн ордонд чуулсан бол төрөлх нутгийнхаа ирээдүйн хөгжил дэвшлийг тодорхойлох оюутан залуучууд МУИС-ийн Эрдмийн танхимд “Завхан хөгжлийн шийдэл-2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулж буй оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Завхан аймгийн Залуучууд оюутны хөгжлийн төвийн ерөнхийлөгч, Завхан аймгийн Засаг дарга Батсайхан нээж үг хэллээ. Тэрээр “Хүний хөгжлөөс нутгийн хөгжил хамаардаг учраас хүнээ хөгжүүлэхэд онцгойлон анхаарч “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулж, таван “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн оюутан” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй томоохон ажил бол энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хурал юм. Үе тэнгийнхнийгээ манлайлж, нутгийнхаа хөгжлийн төлөө оюун ухаанаа уралдуулан бүтээлээ ирүүлсэн бүх оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж баяр хүргэе. Та бүхний дундаас Завхан нутгийнхаа нэрийг цуурайтуулсан олон эрдэмтэн, докторууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү илүү их хөдөлмөрлөж, цаг хугацаатай уралдах хэрэгтэй” гэдгийг онцоллоо. Энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг “Завхан судлал төв” ТББ, “Завхан аймгийн залуучууд оюутны хөгжлийн төв” хамтран зохион байгууллаа.

“Завхан хөгжлийн шийдэл-2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын  нэгдүгээр шатанд 26 оюутан бүтээлээ ирүүлсэн бол хоёрдугаар шатанд шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүллээ. Тэргүүн байранд ШУТИС-ийн 4-р курсын оюутан Н.Лутбаяр “Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн сумдын ургамалан бүрхэвчийн судалгаа, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэлээрээ тэргүүн байр эзэлж Өргөмжлөл, 800.000 төгрөгийн шагнал хүртлээ.

Завхан аймгийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын дэд байрт “Мандах” Их сургуулийн оюутан Б.Мөнх-Учрал, Э.Лхагварагчаа нарын “Их-Уул сумын хөгжлийн индексийн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл, 500.000 төгрөгөөр, гуравдугаар байрт МУБИС-ийн оюутан Ө.Жадамбын “Поврон хэмээх дурсгалыг судалсан урьдчилсан үр дүнгээс” сэдэвт илтгэл шалгарч өргөмжлөл 300.000 төгрөг, тусгай байрт “Мандах” Их сургуулийн оюутан Э.Дэлгэрмаагийн “Завхан аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”, МУИС-ийн оюутан Д.Төмөрчөдөрийн “Завхан аймагт нийгэм эдийн засгийг хөгжүүлэх дотоод бүс төлөвлөх тохиромжтой байдлын үнэлгээ” сэдэвт илтгэл тус тус шалгарч Өргөмжлөл, 150.000 төгрөгөөр оюуны бүтээлээ үнэлүүллээ. Шүүгчээр МУИС, ЭМШУИС, МҮИС, БХИС-ийн эрдэмтэн багш нар ажиллалаа. Дараа жилийн Завхан аймгийн оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илүү олон оюутан, төрөлх нутгийнхаа хөгжлийг шинэ түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулах далайцтай бүтээлүүдээр оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-04-07 16:08:45