Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ “BEST SHOES” ХХК ЗАВХАН АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг”-т шилжих зорилт тавин ажиллаж байна. Орон нутгийн үйлдвэрлэлийг чанартай, үр дүнтэй, өргөн хүрээнд явуулахын тулд томоохон компаниудаас туршлага судалж, хамтран ажиллах нь чухал юм. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан орон нутгийн бизнес эрхлэгчид, гутал үйлдвэрлэгчдээ үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Best shoes” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцууллаа. Тус компани 2001 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж сард 60-70 хос гутал үйлдвэрлэж байсан бол 2014 онд Чингис бондын хөрөнгөнөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч Итали, Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр өдөрт 500-800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ нээж, 70 гаруй хүнийг ажлыг байраар хангаж байгаа үндэсний шилдэг баялаг бүтээгч юм. Анх гэрийнхээ тагтан дээр гутал хийж эхэлсэн тус компаний захирал Б.Түвдэнням олон жил цуцалтгүй хөдөлмөрлөсөн бөгөөд орчин үеийн томоохон үйлдвэртэй болоход тухайн үед Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхийг зорьсон чин сэтгэл, итгэл томоохон үүрэг гүйцэтгэснийг онцолж байлаа.

“Best shoes” ХХК цаашид бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох, ажилчдаа эх орондоо сэтгэл хангалуун сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Монгол Улсын зах зээл дээр гоёлын болон өдөр тутмын гутлыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж буй дотоодын цөөхөн компаний нэг “Best shoes” ХХК  цаашид Завхан аймгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-04-13 18:23:50