“ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” СУРГАЛТАД 360 ИРГЭН ХАМРАГДЛАА
667 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Нутгийн шийдэл" сангаас "Цэвэрч Монгол" төслийн хүрээнд "Жорлонгоо өөрчилье" сургалтыг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж байгаа билээ. Завхан аймгийн Улиастай хотод хоёр удаа, Тосонцэнгэл суманд нэг удаа, нийт гурван удаагийн сургалт зохион байгуулж 24 сумын төлөөлөл 360 гаруй иргэн хамрагдлаа. Өөрөөр хэлбэл бусад аймгуудтай харьцуулахад сургалтанд 2-6 дахин их хүн оролцсон юм. Сургалтыг өргөн хүрээнд, үр дүнтэй зохион байгуулахад аймгийн удирдлагуудаас гадна УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар томоохон үүрэг гүйцэтгэж, тойргийнхоо сумдад сургалтыг явуулахад санаачилга гарган хамтран ажилласныг онцолж байлаа. Энэ сургалт бол зөвхөн жорлонгоо өөрчлөх  тухай асуудал биш, сумаа өөрчлөх, орчноо өөрчлөх асуудал юм. Энэ төсөл Завхан аймгийн санаачлан хэрэгжүүлж буй "Миний гоё сум" төслийн зорилго, үйл ажиллагаатай тохирч байгаа учраас ач холбогдол өгч хамтран ажиллана. Сэтгэл, санаачилга гаргаад эв нэгдэлтэй, нэг баг болж хамтран ажиллаж чадвал аймаг орон нутаг хурдан хөгждөг. Үүний нэг тод жишээ бол Дундговь аймгийн Гурвансайхан сум, Сүхбаатар аймаг юм. Хэн нэгнийхээ санаачилж эхлүүлсэн ажлыг унагах бус, хамтдаа хөгжих хэрэгтэй байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан онцоллоо.

"Нутгийн шийдэл сан" таван жилийн өмнөөс жорлонгийн төрөл бүрийн төслүүд хэрэгжүүлж эхэлсэн байна. 100 гаруй жорлон барьсны дараа хүн бүрийг жорлонгоо өөрлөхөд туслах нь хамгийн зөв арга гэдгийг олж харжээ. Тиймээс "Жорлонгоо өөрчилье" номыг бичиж,  энэхүү номонд бүх технологийг багтаасан олон төрлийн шийдлүүдийг тусгасан байна. Илүү үр дүнтэй, бодитой мэдээлэл өгөхийн тулд аймаг бүрт сургалт зохион байгуулахаар шийдэж 19 дэхь аймаг буюу Завхан аймагт сургалтаа зохион байгуулснаар нийтдээ 2500 орчим иргэнийг сургалтанд хамруулаад байна. Завхан аймагт зохион байгуулсан “Жорлонгоо өөрчилье” сургалтад УИХ-ын гишүүн З.Нарантуяа биечлэн оролцсоноос гадна өөрийн төрсөн нутаг Алдархаан суманд сургалтын багийг урьж иргэдтэйгээ уулзууллаа.

Жорлон гэдэг бол эрүүл мэндээ хамгаалах, үл хөдлөх хөрөгийн үнэ цэнэ, бизнес боломжоо  нэмэгдүүлэх олон чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Тиймээс сургалтанд хамрагдсан иргэд "Жорлонгоо өөрчилье" төслийг орон нутагтаа дэлгэрүүлж манлайлсны үр дүнд тухайн орон нутаг өөрчлөгдөх ёстой. Аймгийн удирдлагууд болон сургалт зохион байгуулагчдын зүгээс 24 сумаас ирсэн иргэд сум сумандаа сургагч багш болж, энэ сургалтыг цааш нь үр дүнтэй үргэлжлүүлж, Завханчууд манлайлж өөрчлөлтийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Сургалтын үеэр аймгийнхаа онцлогт тохирсон технологийн сонголтын дадлага хийж, төлөвлөгөө гаргасан байна. Айл бүрт жорлонгоо өөрчлөх сонголтууд бий. Жорлонгоос гарах бүтээгдэхүүнээс нь хамаараад олон технологиудыг танилцууллаа. 24 сумаас ирсэн иргэдэд эхний ээлжинд ийнхүү тодорхой мэдээлэл өгч, ном сурах бичиг, бусад гарын авлага материалаар үнэ төлбөргүй хангасан юм. Цаашид сургалтанд оролцсон хүмүүс нэг нэгнээсээ туршлага судалж хамтран ажиллах юм. Энэ үеэр "Нутгийн шийдэл сан"-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл: "Цэвэр усны ундарга, эрүүл мэндээ хамгаалж, үр хойчоо цэвэр цэнгэг устай үлдээе гэвэл хамтдаа жорлонгоо өөрчилье" хэмээн уриаллаа.

2018-05-11 09:52:08