Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАНЫ НЭРЭМЖИТ “ОЮУНЫ НААДАМ” 16 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад "Оюуны наадам" энэ жил 16 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Завхан нутгаар овоглосон алдар цуутнуудыг бэлтгэн гаргах их үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү "Оюуны наадам" нь 4-12-р ангийн сурагчид, багш, эцэг эхчүүд гэсэн гурван ангиллаар нээлттэй хэлбэрээр, хоёр үе шаттай явагддагаараа онцлогтой. Мөн хамгийн уран бодолт гүйцэтгэсэн "Уран бодолтын аварга", хамгийн өндөр оноо авсан "Үнэмлэхүй аварга", олимпиадад хүүхдүүдээ амжилттай оролцуулж, хамгийн олон медаль хүртсэн "Манлай эцэг эх", шавь нар нь хамгийн олон медаль хүртсэн бага, дунд ангийн "Манлай багш" нарыг шалгаруулж, мэргэжлийн багш нарын дунд "Математикийн олимпиад", мэргэжлийн бус багш нарын дунд "Сэтгэх чадварын олимпиад", эцэг эхчүүдийн дунд "Сэтгэн бодохын олимпиад" тус тус зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Оюуны наадам”-ыг зургаан бүсэд зохион байгуулж, нийт 3757 багш, сурагч, эцэг эхчүүд 22 аваргын цом, 454 медаль, 63 тусгай байрын төлөө оюун ухаанаа уралдууллаа.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Шилүүстэй суманд Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдыг хамруулан зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тэргүүн байранд Шилүүстэй сумын ЕБС, дэд байрт Цагаанчулуут сумын ЕБС, гуравдугаар байрт Отгон сумын ЕБС шалгарлаа.

 Тавдугаар сарын хоёрны өдөр Завханмандал суманд говийн бүс буюу Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу сумдыг хамруулан зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Бага боловсролын манлай багшаар Яруу сумын ЕБС-ийн багш Нинжбадгар шалгарсан бол дэд байрт Ургамал сумын багш Лхагваа шалгарлаа.  Говийн бүсийн олимпиадад Эрдэнэхайрхан сумын сурагчид 9 медаль хүртэж, бэлтгэсэн багш С.Сүрэн математикийн боловсролын манлай багш боллоо. Дэд байрт Завханмандал сумын багш С.Ренчинчогсом шалгарсан юм. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Завханмандал сумын ЕБС, дэд байрт Эрдэнэхайрхан сумын ЕБС, гуравдугаар байрт Ургамал сумын ЕБС тус тус шалгасан амжилтыг үзүүллээ.

Энэ жил 16 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж буй аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад “Оюуны наадам”-ын баруун хойд бүсийн олимпиадыг тавдугаар сарын гуравны өдөр Сантмаргаз суманд Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Сантмаргаз, Нөмрөг сумдыг хамруулан зохион байгууллаа. Энэ бүсийн олимпиадад Увс аймгийн Зүүнхангай сумын сурагчид, багш нар, эцэг эхчүүд ирж оролцсоноороо онцлог байлаа. Үнэмлэхүй аварга сурагчаар Нөмрөг сумын ЕБС-ийн Мөнхзаяа багшийн бэлтгэсэн шавь М.Чулуунбаатар шалгарсан бол Уран бодолтын аварга сурагчаар Сонгино сумын ЕБС-ийн багш Алтанцэцэгийн шавь, 4-р ангийн сурагч М.Гэрэлчимэг нар шалгарлаа. Харин Нөмрөг сумын ЕБС-ийн 12-р ангийн ихэр сурагч Болдбаатарын Самбуу, Болдбаатарын Норов нар хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тэд аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиадад олон жил тасралтгүй оролцож эхний байруудад шалгарчээ. Хэдийгээр амьдралын хатуу нугачаанд бүтэн өнчин болж хоцорсон ч, аливаа бэрхшээлд өвдөг сөхөрч шантралгүйгээр, сэтгэлийн хаттай байж, өдөр бүр ирээдүйнхээ төлөө хичээж суралцсаны үр дүнд ийнхүү бурхны оронд байгаа ижий аавдаа хоёр дахь удаагаа “Манлай эцэг эх”-ийн шагналыг хүртээгээд буй ирээдүйд Завхан нутаг, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах шилдгүүд юм.

Баруун хойд бүсийн сумдын олимпиадын математикийн боловсролын шилдэг багшаар Сонгино сумын ЕБС-ийн багш Б.Мөнгөнтуяа шалгарч, дэд байрт Нөмрөг сумын ЕБС-ийн математикийн багш Хандмаа шалгарлаа. Бага ангийн манлай багшаар Түдэвтэй сумын ЕБС-ийн багш С.Мэнджаргал шалгарсан юм. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Сонгино сумын ЕБС, дэд байрт Нөмрөг сумын ЕБС, гуравдугаар байрт Увс аймгийн Зүүнхангай сумын ЕБС шалгарсан амжилтыг үзүүллээ. 

Хойд бүсийн олимиадыг тавдугаар сарын тавны өдөр Тэс суманд зохион байгуулж, Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат сум оролцлоо. Нэгдсэн дүнгээр нийт 49 медаль болон тусгай байр эзэлсэн амжилтаар Тэс сумын ЕБС  түүчээлсэн бол дэд байрыг Баянхайрхан сумын ЕБС, гуравдугаар байрыг Асгат сумын ЕБС эзэллээ. Хойд бүсийн олимпиадын үеэр Баянтэс сумын Хачиг багийн малчин Г.Эрдэнэбаатар сумаасаа хамгийн өндөр оноо авсан сурагч Б.Мөнхзулыг 25 хонь, сурагч А.Нямдавааг 20 хониор тус тус шагнан урамшуулсан нь багш, сурагчид, эцэг эхчүүд, олимпиад зохион байгуулагчид, ард иргэдийн сэтгэлд хүрсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо. Мөн Тэс сумын ИТХ-ын дарга, Засаг дарга сумаасаа хамгийн өндөр оноо авсан 2 сурагчийг тус бүр Тэсийн голын хурдан удмын даагаар шагналаа.

Зүүн бүсийн математикийн олимпиад, “Оюуны их наадам”-ыг тавдугаар сарын долооны өдөр Идэр суманд зохион байгуулж, Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр, Их-Уул сумын 5 сургуулийн 456 сурагч, багш, эцэг эхчүүд өрсөлдлөө. Үнэмлэхүй аваргаар Тосонцэнгэл сумын ЕБ-ийн 1-р сургуулийн багш Чулууны бэлтгэсэн шавь Пүрэвжаргалын Энх-Эгшиглэн 21 онооноос 21 оноо авч шалгарсан бол Уран бодолтын аваргаар Тэлмэн сумын ЕБС-ийн багш Даваадорж, Идэр сумын ЕБС-ийн багш Мөнхжаргалын шавь нар шалгарсан юм. Нэгдсэн дүн гарахад тэргүүн байранд Тосонцэнгэл сумын ЕБ-ийн лаборатори 1-р сургууль 54 оноогоор тэргүүн байр, Тосонцэнгэл сумын 2-р сургууль 48 оноогоор дэд байр, Идэр сумын ЕБС 38 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа.

Нэгдүгээр шатны шалгаруулалтад Улиастай сумын сургуулиудаас Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль 93 оноогоор тэргүүн байр, Дэвшил сургууль 65 оноогоор дэд байр, Жавхлант цогцолбор сургууль 12 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа. Улиастайн төвийн бүсийн “Үнэмлэхүй аварга сурагч”-аар Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Жамъянгаравын Тамир, уран бодолтын аваргаар Чандмань-Эрдэнэ  лаборатори сургуулийн сурагч н.Баттүшиг, “Манлай эцэг эх”-ээр  Доржсүрэнгийн Батбаясгалан нар шалгарлаа.

II шатны олимпиадад бүс тус бүрээс шалгарсан 556 шилдэг суралцагч, багш нар, эцэг эхчүүд оролцож, оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ уралдлаа. “Оюуны наадам”-д Увс аймгийн Өмнөговь, Зүүнхангай сумын ЕБС-ийн багш, суралцагчид амжилттай оролцлоо. Улиастай бүс болон II шатны ерөнхий шүүгчээр нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуулийн математикийн тэнхмийн эрхлэгч, математикийн улсын үнэмлэхүй аварга багш н.Дайвий-Од сургуулийнхаа багш нарын хамт шүүгчээр ажиллалаа. Ийнхүү шилдгийн шилдэг Үнэмлэхүй аваргаар Дэвшил сургуулийн 12-р ангийн суралцагч Дарханбаатарын Мядаг, Уран бодолтын аваргаар Жавхлант цогцолбор сургуулийн 6-р ангийн суралцагч Хишигбаатарын Зөнбилэг, Математикийн мэргэжлийн багш нарын аваргаар “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн багш Сүрэнгийн Сарангэрэл, Математикаас бусад мэргэжлийн багш нарын аваргаар Их-Уул сумын багш Гэрэлхүүгийн Өлзийтулга, Эцэг, эхчүүдийн аваргаар Дэвшил сургуулийн эцэг, эх Эрдэнэцогтын Минжмаа, Дунд ангийн “Манлай багш”-аар “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн багш Баатарын Нямдаваа, Бага ангийн “Манлай багш”-аар Дэвшил сургуулийн багш Дамбын Сарангоо, “Манлай эцэг, эх”-ээр Дэвшил сургуулийн Дамбийнямын Идэрмөнх нар шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагнал хүртлээ. Нэгдсэн дүнгээр Дэвшил сургууль 60 оноогоор тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн болсон бол Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль 51 оноогоор дэд байрт, Жавхлант цогцолбор сургууль 16 оноогоор гуравдугаарт байрт шалгарлаа.

Аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад “Оюуны наадам”-д оролцогчдын тоо жилээс жилд өсч, хөрш зэргэлдээ аймгуудын суралцагчид ирж оролцож байгаа нь шударга өрсөлдөөнийг бий болгож, наадмын чанар чансааг улам сайжруулж байна. 2018 онд “Оюуны наадам”-д оролцогчдын тоо өмнөх жилээс 131 оролцогчоор нэмэгдэж, оролцогчдын үзүүлсэн амжилт 11.2 хувиар өсчээ.

Завхан аймаг ирэх жилийн улсын олимпиадад амжилт гаргах зорилго тавьж тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл ирэх намар 12-р ангид элсэн суралцах сум бүрийн шилдэг нэг хүүхэд, нийт 24 хүүхэдтэй тусгай ангийг нийслэлийн тэргүүний "Шинэ үе" бүрэнд дунд сургууль дээр шинээр нээж хичээллүүлэхээр боллоо. Ингэснээр ирэх жилийн улсын олимпиадад Завхан аймгийн хүүхдүүд амжилт гаргах, тэдгээр хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авах боломж бүрдэх юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-05-10 12:13:46