Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БҮТЭН ӨНЧИН 90 ХҮҮХЭД ТУС БҮР 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ БОЛЛОО

Амьдралын хүндийг нуруунаа үүрч, хатуу бүхнийг сэтгэлийн тэнхээгээр туулж яваа бүтэн өнчин хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлах, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх, амьдралд нь гэрэлт ирээдүй бэлэглэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 оны 10 дугаар сараас "Бүтэн зүрх" хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн билээ. Энэ хугацаанд сайн үйлсийн төлөө нэгдэж чадсан олон байгууллага, ард иргэдийн дэмээр Завхан аймгийн бүтэн өнчин 90 хүүхдэд тус бүр 500.000 төгрөг буюу нийт 45 сая төгрөгийн хандив босгож чадсан юм. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өөрийн нэрэмжит математикийн олимпиад “Оюуны  наадам”-ынхаа үеэр бүтэн өнчин хүүхэд бүрт хагас сая төгрөгийн орлоготой хадгаламжийн дэвтрийг батламжийн хамт гардуулсан нь ард иргэдийн сэтгэлд нийцсэн сайхан үйл ажиллагаа боллоо. Математикийн олимпиадад хойд бүсийн 12-р ангийн сурагчдаас эхний  байруудыг бүтэн өнчин хүүхдүүд эзэлсэн юм. Нөмрөг сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Болдбаатарын Самбуу, Болдбаатарын Норов нар энэ жилийн олимпиадаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр хоёр дахь удаагаа тэнгэрийн оронд байгаа ижий аавдаа "Манлай эцэг эх"-ийн шагналыг хүртээлээ.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ үеэр "Би зургаан настайдаа аавыгаа, 12 настайдаа ижийгээ алдаж бүтэн өнчин амьдралаар өссөн учраас та бүхний сэтгэлийн гүн дэх уйтгар гуниг, шаналалыг маш сайн мэднэ. Бүтэн өнчин хүүхдүүд хэзээ ч шантарч болохгүй, өөрөө өөртөө өндөр шаардлага тавьж, зөвхөн өөртэйгөө тэмц. Өөрийгөө ялж чадсан цаг амжилтанд хүрдэг юм”  гэлээ. 

 

Хагас жилийн өмнө Завхан аймгийн хэмжээнд бүтэн өнчин хүүхэд 75 байсан бол энэ тоо өнөөдөр 90 болжээ. Тэдэнд туслах "Бүтэн зүрх" хөдөлгөөн одоо ч үргэлжилсээр байна. Тиймээс хүн бүр эдгээр хүүхдүүдийн хадгаламжинд сэтгэлээрээ хандив өргөж, хамтран ажиллахыг уриаллаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-22 03:54:38