Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АРДЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, БАГШ Л.ЛХАГВАЖАВЫН НЭРЭМЖИТ “ЭХ ХЭЛНИЙ ИХ СОРИЛГО ИДЭР-2018” УРАЛДААН БОЛОВ

Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж урмыг тэтгэн үнэлэх, ахлах, дунд ангийн сурагчдын эх хэлний мэдлэг, авьяас чадварыг нээн хөгжүүлж, урамшуулах зорилготой АБТА, багш Л.Лхагважавын нэрэмжит “Эх хэлний их сорилго Идэр-2018” эх хэлний уламжлалт олимпиад тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг уг олимпиадыг зорьж мэдлэг чадвар, билиг ухаанаа уралдуулах багш, сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Энэ удаагийн  олимпиадад Хөвсгөл, Увс, Ховд, Говь-Алтай,  Орхон, Дорнод,  Дундговь, Завхан аймаг, Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол, Налайх,  Чингэлтэй дүүргийн 50 сургуулийн 41 баг, 140 багш, давхардсан тоогоор 1300 гаруй сурагчид эх хэлнийхээ мэдлэг чадварыг сорин 42 багц медалийн төлөө өрсөлдлөө. Энэ жилийн эх хэлний их сорилгыг ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлээр, Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан, 1-5 дугаар ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд Чингис хааны одонт, МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Гүн сэтгэе” эсээ бичлэгийн уралдаан, Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын  эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан гэсэн зургаан төрлөөр зохион байгууллаа.

Тус олимпиадад Завхан аймгаас Улиастайн бүсийн тав, зүүн бүсийн тав, Хойд бүсээс Баянтэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, говийн бүсээс Завханмандал сумын ЕБС, нийт 15 ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй сурагч, 50 гаруй багш оролцож 17 шагналт байрыг эзэллээ.

Мэргэжлийн багш нарын олимпиадын төрөлд “Дэвшил” сургуулийн Монгол хэлний багш Ч.Уранчимэг тавдугаар байр, Монгол бичгийн зөв цэвэр бичигтэн төрөлд Улиастай сумын IV сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Юнрэндорж дөрөвдүгээр байр тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.

 

 “Гүн сэтгэе” эсээ бичлэгийн уралдаанд Жавхлант цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Н.Отгонцэцэг, 10-р ангийн монгол хэлний төрөлд Жавхлант цогцолбор сургуулийн сурагч П.Балжинням нар тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ.

 

 12-р ангид Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн сурагч  н.Цогзолмаа, тавдугаар ангийн төрөлд Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч О.Баяргүн, наймдугаар ангийн төрөлд Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн сурагч О.Уянга нар дэд байр эзэллээ.

 

Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 8-р ангийн сурагч Б.Өлзийдэмбэрэл, Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11А ангийн сурагч Ц.Мөнгөнтуяа, Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 12-р ангийн сурагч Б.Чанцалдулам нар гутгаар байр эзэлж хүрэл медалиар тус тус шагнагдлаа. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль,  дэд байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм  сургууль, гуравдугаар байрыг Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын дунд сургууль тус тус эзэллээ.

 

Олимпиадад урилгаар хүрэлцэн ирсэн энэ цагийн бичгийн их хүмүүн Г.Аким, Д.Урианхай, зохиолч, яруу найрагч До.Цэнджав, Д.Нямаа, Б.Ичинхорлоо, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, эрдэмтэн багш Д.Галбаатар, Д.Баттогтох, Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МУГЖ Т.Төвшинтөгс, СТА Н.Баасанжав тэргүүтэй урлаг соёлын зүтгэлтэн, зохиолч, яруу найрагчидтай иргэд, багш, сурагчид уулзалт хийж урлаг, утга зохиолын халуун дотно яриа өрнүүлснээс гадна, мэргэжлийн багш нарт эх хэлний эрдэмтэд сургалт явуулж арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн Орхон аймгийн багш нар тэргүүн туршлагаараа үзэсгэлэн гаргасан нь багш нар харилцан туршлага солилцох, санал бодлоо солилцох боломжийг олгосон сайхан үйл явдал боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-05-24 12:59:54