СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ, АЖИЛЧДАА ЧАДАВХЖУУЛЛАА
2605 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ирээдүйд нутаг орныхоо хөгжлийг тодорхойлох шилдэг боловсон хүчин бэлтгэхийн тулд  багш нарын мэдлэг, ур чадвар сайн, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Тиймээс “Сайн багш” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж  байгаа Завхан аймаг сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, багш, ажилчдад зориулсан “Багшийн сэтгэл хүүхдэд” цогц үйл ажиллагааг Тосонцэнгэл суманд зохион байгууллаа. “Багшийн сэтгэл хүүхдэд” багш, удирдах ажилтны сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн багш нарт гурван удаа зохион байгуулсан бол энэ удаад сургуулийн өмнөх боловсролын багш нараа чадавхжууллаа. Багш, ажилтны хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтад сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй 600 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш, тогооч, үйлчилгээний ажилчид, харуул хамгаалалтын ажилтнуудад цогц сургалт зохион байгуулснаараа онцлог байлаа.

"Багшийн сэтгэл хүүхдэд-4” цогц үйл ажиллагаанд ШУТИС, МУБИС-ийн багш нар, нийслэлийн тэргүүний цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, туслах багш нар хамтран ажиллалаа. Энэ үеэр цэцэрлэгийн багш, туслах багш, тогооч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулсан юм. Мөн хүүхдийн гар зургийн үзэсгэлэн, “Энгийн хөгжмийн зэмсгээр хүүхдийг хөгжүүлэх нь” сэдэвт багш, ажилтны бүтээлийн үзэсгэлэнг тус тус гаргажээ. Багш нарынхаа мэдлэг, ур чадвар, арга зүйг дээшлүүлээд зогсохгүй тэднийг эрүүл мэндийн шинжилгээ-үзлэгт хамруулсан юм. 

Сургуулийн өмнөх боловсролын ”Багшийн сэтгэл хүүхдэд-4” сургалтын үйл ажиллагаа Тосонцэнгэл суманд 4 өдрийн турш амжилттай үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. Цэцэрлэгийн багш, туслах багш, тогооч нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр эзэлсэн ажилчид БНСУ-д мэргэжил дээшлүүлэх аялах эрхээр, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багш нар Хөх хотод аялах эрхээр, дөрөв, тавдугаар байр эзэлсэн багш, тогооч нар Манжуур хотод аялах эрхээр шагнууллаа. Багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байранд Цагаанчулуут сумын цэцэрлэгийн багш Б.Өнөржаргал, дэд байранд Цэцэн-Уул сумын багш Ж.Наранжаргал, гуравдугаар байранд Дөрвөлжин сумын цэцэрлэгийн багш Хандсүрэн, дөрөвдүгээр байранд Сонгино сумын багш Наранцэцэг, тавдугаар байранд Түдэвтэй сумын багш Нямжав нар шалгарлаа. Цэцэрлэгийн туслах багшийн ур чадварын уралдаанд тэргүүн байранд Тосонцэнгэл сумын 3-р цэцэрлэгийн туслах багш Э.Азжаргал, дэд байранд Отгон сумын цэцэрлэгийн туслах багш Болортуяа, гуравдугаар байранд Баянхайрхан сумын цэцэрлэгийн туслах багш Болормаа, дөрөвдүгээр байранд Улиастай сумын 3-р цэцэрлэгийн багш Өлзийнаран, тавдугаар байранд Алдархаан сумын багш  Д.Өнөрзаяа нар шалгарсан амжилт үзүүллээ. Цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын уралдаанд тэргүүн байранд Улиастай сумын улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн тогооч Ж.Мөнхтуяа шалгарч Солонгос улсад аялах эрхтэй боллоо.  Дэд байрт Алдархаан сумын тогооч У.Цэндсүрэн, гуравдугаар байрт Улиастай сумын 6-р цэцэрлэгийн тогооч Р.Болормаа шалгарч Хөх хотод аялах эрхээр, дөрөвдүгэр байрт Тосонцэнгэл сумын 2-р цэцэрлэгийн тогооч Алтанзул, тавдугаар байрт Отгон сумын цэцрлэгийн тогооч О.Доржсүрэн нар шалгарч Манжуур хотод аялах эрхийн эзэн боллоо.

Энэ үеэр СӨБ-ийн багш нарын дунд шилдэг багш шалгаруулах ур чадварын уралдаан зарлалаа. Оны эцэст шилдэг 100 багшийг шалгаруулж тус бүр 300 мянган төгрөгөөр, шилдэг 9 багшийг тус бүр нэг сая төгрөгөөр, шилдгийн шилдэг нэг багшийн 10 сая төгрөгөөр урамшуулахаар боллоо. Цаашид Завхан аймаг жил бүр СӨБ-ийн болон ЕБС-ийн шилдэг багш нараа шалгаруулж, амжилтыг нь өндрөөр үнэлнэ. Ингэснээр сургалтын чанар эрс сайжирна гэж харж байгаа юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-06-11 17:03:41