Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМАГ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН МИКРОСКОПТОЙ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын санаачилгаар "Сайн эмч" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа Завхан аймаг эмч, эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хийж байна. Action Mongolia Франц Монголын хамтарсан нийгэмлэгээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын аппарат, нүдний мэс заслын микроскоп хүлээлгэн өглөө. Завхан аймгаас дурангийн мэс заслын хагалгаанд орохоор жилд дунджаар 500 гаруй иргэн Улаанбаатар хотыг зорьж, нэг иргэнээс 2.5 сая орчим төгрөгийн зардал гардаг байна. Тэгвэл дурангийн хагалгааг орон нутагтаа 400 мянган төгрөгөөр хийлгэдэг болсноор аймгийн хэмжээнд жилдээ 1.2 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Дотооддоо болон Франц, ОХУ-д бэлтгэгдсэн эмч нар орон нутагтаа ажиллахаас гадна хагалгааны өрөөнүүдээ ч засч тохижуулжээ.

Энэ үеэр Франц улсын мэс заслын эмч, Action Mongolia Франц Монголын хамтарсан нийгэмлэгийн тэргүүн Жак Лукат хэлэхдээ: "Нэгдүгээрт, Завхан аймаг Улаанбаатар хотоос алслагдсан. Хоёрдугаарт, бид жилийн өмнө ирж аймгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцахад энэ хүмүүст ажил хийх чин хүсэл эрмэлзэл байсан учраас бид энэхүү хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэсэн. Манай нийгэмлэгээс өмнө нь Дорноговь, Дундговь, Архангай аймгуудад энэ тусламжийг үзүүлсэн бол Завхан 4 дэхь аймаг нь болж байна" гэлээ.

Action Mongolia Франц Монголын хамтарсан нийгэмлэгээс үнэ төлбөргүй олгож буй хэвлийн хөндийн OLYMPUS дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, Германы CARL ZEISS нүдний мэс заслын микроскоп, нүдний үзлэгийн таван төрлийн аппарат нийтдээ 650 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Францын эмч нар болон нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмч нар Завхан аймагт ажиллах үеэрээ дурангийн мэс засал, нүдний мэс ажилбар  хийлээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-06-12 09:20:46