ЭНЭ ЖИЛИЙН ХҮҮХДИЙН БАЯРЫГ “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭВ
562 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг аав ээжийн үр хүүхдэдээ тавих анхаарал, халамжийг дээшлүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн инээд баясал, халуун дотно, бат бэх байдлыг төлөвшүүлэх, хүүхэд багачуудад гоо зүйн боловсрол олгох, тэдний чөлөөт цагийг үр бүтээл, хөгжөөн дүүрэн өнгөрүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр, СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн коллеж, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын 150 гаруй уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцлоо.

Энэ өдөр гэр бүлийн харилцааны үнэт зүйлсийг бэхжүүлэх, тэднийг хамтдаа баяр хөөр, аз жаргалтай дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор  “Аз жаргалтай гэр бүл” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж нийт 10 гэр бүл, 9-11 насны хүүхдүүдийн хамт оролцож баярын өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Мөн “Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга” үндэсний аяны нөлөөллийн үйл ажиллагааг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулав.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга оюунлаг шилдэг хүүхдүүдэд 500 мянгаас хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэснийг дуулгаж, энэ онд улсын аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртсэн сурагчдыг тавин мянгаас нэг зуун мянган төгрөгөөр шагнаж урамшуулав.

 Мөн аймгийн Засаг даргын санаачилсан бүтэн өнчин хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлах, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх зорилготой “Бүтэн зүрх” хөдөлгөөний хүрээнд бүтэн өнчин хүүхдүүдэд 500 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтэр, батламж гардууллаа.

 

Хүүхдийн баярын үйл ажиллагааг угтаж тавдугаар сарын 31-нээс зургадуур сарын хоёрны өдрүүдэд “Урлахуй ухаан” уран зургийн дугуйлангийн авьяаслаг хүүхдүүдийн “Бидний ертөнц” зургийн үзэсгэлэн гаргасан бол бага, дунд насны ангиллаар “Дугуйн уралдаан”, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Хуйрнан шуугигч” үндэсний бөхийн барилдаан, дунд, ахлах насны ангиллаар “3х3” сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж шилдгүүдийг шагнаж урамшууллаа.

Баярын үйл ажиллагааны үеэр сайн дурын клуб, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд Хот тохижилт үйлчилгээний албатай хамтран хүүхдүүдэд хоггүй цэвэр наадахыг уриалж “Цэмцгэр Улиастай-Цэвэрхэн хот” аяныг өрнүүлсэн юм. Тус аяны үр дүнд өмнөх жилүүдийн хүүхдийн баяртай харьцуулахад хүүхдүүд хог хаях нь эрс багассан байв.

 

Зургадугаар сарын нэгэн, хоёрны өдрүүдэд “Автомашингүй Улиастай” арга хэмжээг зохион байгуулж “Улиастай марафон”, “Унадаг дугуйтай Улиастай” зэрэг бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулав.

 

2018-06-02 09:26:43