Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЦАСТЫН ЦАГААН ОРГИЛ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛОВ

Төрийн шагналт сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоогийн нэрэмжит “Цастын цагаан оргил” яруу найргийн наадмыг түүний төрж өссөн Завхан аймгийн Шилүүстэй суманд амжилттай зохион байгууллаа. Уг наадмыг Төрийн шагналт эрдэм оюунт хүмүүсээ алдаршуулан, тэдний үлгэр дууриаллыг залуу хойчдоо өвлүүлэх, бүтээл туурвилыг нь ард түмэнд хүргэх, нутаг усаа бахархан дээдлэх үзлийг улам дэлгэрүүлэх зорилгоор Шилүүстэй сумын Засаг дарга, түүний Тамгын газар, төсөвт байгууллагууд, аймгийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн түүхт 80 жилийн ойгоо угтсан томоохон ажлын нэг болгон өргөн дэлгэр тэмдэглэлээ.

 

Наадамд Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Түдэвтэй, Улиастай, Шилүүстэй сумын 30 гаруй яруу найрагч оролцож тэргүүн байрыг Шилүүстэй сумын уугуул, залуу яруу найрагч А.Бөхням, дэд байрыг Цагаанчулуут сумын залуу яруу найрагч Г.Цэрэндолгор, гутгаар байрыг Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүлэгч гишүүн, Отгон сумын яруу найрагч Б.Туяацэцэг, тусгай байрыг Цагаанчулуут сумын яруу найрагч Ч.Нарангэрэл, Шилүүстэй сумын яруу найрагч Г.Чагнаадорж нар эзэлж найргийн хур буулгалаа. Шилүүстэй сумаас Төрийн шагналт хоёр зохиолч төрсөн нь Б.Цэнддоо, Ц.Бавуудорж нар бөгөөд “Цастын цагаан оргил” наадмыг ирэх жил Ц.Бавуудоржийн нэрэмжит болгож, цаашид төрийн шагналт зохиолчдын нэрэмжит яруу найргийн наадмыг жил бүр зохион байгуулахаар боллоо.

Б.Цэнддоо 1962 онд Шилүүстэй сумын Сайхан багийн нутаг Бага хөндлөнгийн босго хэмээх газар төржээ. Бага дунд сургууль, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэж, 1985 оноос Засгийн газрын төв хэвлэлүүдэд редактор, сурвалжлагч, орлогч эрхлэгч, эрхлэгч, Монголын Үндэсний олон нийтийн Радио телевизийн Удирдах зөвлөлийн гишүүн, 1999 оноос одоог хүртэл “Ардын эрх ба Өдрийн сонин”-ны нэгдүгээр орлогч эрхлэгч, 2006 оноос “НЭПКО” хэвлэлийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

Тэрээр нийтлэл, улс төрийн шог, яруу найраг, шинжлэх ухааны танин мэдэхүй, судалгааны чиглэлээр, дангаараа болон хамтын 20 гаруй ном бүтээл туурвижээ. Б.Цэнддоогийн алдартай нийтлэл, илтгэлүүд улс, олон улсын томоохон хурал, зөвлөгөөнд Монгол Улсын оюун санааны хөгжлийн нэгэн нүүр болж ирсэн учир 1995 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2005 онд Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, 2010 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн 251 дугаар зарлигаар Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ.

 

Ийнхүү нутгийн зон олон нь найман жилийн дараа Төрийн шагналынх нь алдрыг мялааж “Цастын цагаан оргил” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, Шилүүстэй сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач, Монгол тулгатны зуун эрхмийн нэг С.Цогбаяр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралт, цагдаагийн хурандаа, яруу найрагч С.Цэвээнлхазал, Шилүүстэй сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн оролцлоо. Энэ үеэр төрийн шагналт сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоог Завхан аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнаж, үнэмлэх, цул мөнгөн тэмдгийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-07-09 12:20:21