Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ИХ-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНСҮХ: МАНАЙ СУМ БОЛ ДУТУУ ЮМГҮЙ БАЯН НУТАГ

Энэ жил Завхан аймгийн Их-Уул сумын түүхт 95 жилийн ой, Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн 80 жил, Завханмандал, Тэлмэн, Шилүүстэй сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 жил, Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ой тус тус тохиож байна. Их-Уул сумын Засаг дарга М.Гансүхийг урьж түүхт ойн үйл ажиллагаа болон сум орон нутгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Завхан нутгийн үүд хаалга болж өнгө төрхийг нь тодорхойлж байдаг Их-Уул суманд энэ жил зуншлага хэр байна вэ?

 

Сайхаан. Сайхан зусаж байна уу. Тийм ээ, Замын хүн саатан жаргамаар Завхан сайхан нутгийн үүд нь болсон манай  сумын нутгаар энэ жил гурваас дөрөвдүгээр сардаа чийгтэй, хур бороо нилээд орж ногоо эрт  хэнзэлсэн. Гэвч  таваас зургадугаар сардаа шуурч, бороо хур орохгүй, халуун  байснаа зургадугаар сарын 30-наас эхлэн эцэг тэнгэр хур бороогоо хайрлаж, байгаль дэлхий сэргэж дэлгэнээд  зуншлага сайхан  болж байна аа.

 

Их-Уул сумын түүхт 95 жилийн ой долдугаар сард болно. Ойгоо угтаж сум орон нутгийн засаг захиргаа, ард иргэд багагүй ажлыг санаачлан зохион байгуулж байгаа болов уу?

 

 Нутгийн ард иргэдийн үүсэл санаачилгыг холбогдох шатны  эрх бүхий байгууллагуудаас  дэмжин гаргасан тогтоол шийдвэрийн дагуу энэ долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус сум үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ ойг угтаж сумын Засаг даргын Тамгын газар, албан байгууллага, баг бүр хийх ажлыг төлөвлөгөө гаргаж нэгтгэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Ажлын хүрээнд Улаанбаатар,Эрдэнэт хотуудад суугаа нутгийн уугуул суугуул иргэддээ зориулж тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд, уран сайханчид оролцсон “Их-Уулсын орон мину” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулаа. Мөн дэд профессор Д.Мөнхбат, ахмад багш Л.Өлзийбат ,Ч.Дашренчин Г.Бавуусүрэн нар тус сумын үүсэл хөгжлийн  түүхийг эмхэтгэн “Их Уулчуудын түүхэн товчоон” хэмээх номыг бүтээн хэвлүүллээ. Нутгийнхаа сайн сайхан, ирээдүйг даатган бодь суваргыг тус сумын уугуул УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Уртнасан, ”Илч хангай“ ХХК-ийн захирал Д.Батсүх зэрэг хүмүүс бүтээж суурилууллаа. Албан байгуулага, аж ахуйн нэгжүүд, ард иргэд дотоод нөөц бололцоогоо ашиглан байгууллагынхаа гадна талбай, өөрийн эзэмшлийн хайс хашаагаа засан тохижуулж байна. Мөн албан байгууллагуудын ажилчдын хүчээр Үржил багийн нутаг Гозгорын энгэрт 50*40 харьцаатай төр, шашны мандан бадрахын  билэгдэл Соёмбо бүтээх, Хийморь хорооллын урд талбайг хайсжуулах, гудамжнуудын хашааг засаж зосдон хээ тавих,  Ирээдүй хорооллын  баруун талын замыг хоёр урсгалтай болгож, замын голд хамгаалалтын зурвас байгуулах  зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Зарим ажлуудыг анги хамт олон, ахан дүүсээрээ санаачлан хийж байна. Тухайлбал, хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайн гэрэлтүүлгийг 1984 оны наймдугаар ангийн төгсөгчид иж бүрнээр нь  хийж өглөө.

 

Төрсөн нутгийнхаа түүхт ойг зорьж нутгийн уугуул иргэд хол ойроос олноороо ирэхээр төлөвлөж байгаа. Ойн үеэр зохион байгуулах онцлог ажлуудаасаа хуваалцвал?

 

Манай сум хүн ам ихтэй, монгол орны дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа уугуул иргэд, тус сумтай ажил, амьдралын салшгүй холбоотой  олон хүмүүс ойдоо хүрэлцэн ирнэ. Их өргөн дэлгэр сайхан наадам болох төлөвтөй  байна. Зохион байгуулагч бидний зүгээс  баяр наадмын хүрээнд  уламжлалт эрийн гурван наадмаас гадна хос морьтон шалгаруулах, 45-55 насны ахмад бөхчүүдийн барилдаан, сумын цол олгох барилдаан, хүүхдийн барилдааныг дөрвөн насны ангиллаар зохион байгуулна. Ойн  баярын хүндэтгэлийн  тоглолтод  тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд, үе үеийн уран сайханчид оролцох  бөгөөд тоглолтыг  тус сумын уугуул Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат хүжигчин  Л.Дэмидбаатар найруулж байгаа гээд олон сонирхолтой арга хэмжээ болно.

 

Олон жил нутагтаа ирээгүй хүмүүс төрж өссөн нутгийнхаа өнгө үзэмж, бүтээн байгуулалтын ажлуудыг хамгийн түрүүнд сонирхох нь дамжиггүй. Он гарсаар хагас жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсвөөр ямар ямар бүтээн байгуулалтын ажлууд хийв?

 

Энэ жил манай сумын тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хичээлийн байр, сумын Засаг даргын Тамгын газрын конторын барилга, замын хяналтын цэгийг барьж ашиглалтад оруулах, төрийн өмчит 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгатай болох, 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлууд тусгагдсан. Эдгээрээс Засаг даргын Тамгын газрын конторын барилга, соёлын төвийн барилгын тендер зарлагдаж, гүйцэтгэгч компани шалгарсан, 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажлын өрлөгийн ажил явагдаж байна.

 

Энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нэмэгдсэн. Танай суманд хэчнээн төгрөг хуваарилагдав. Иргэдийн санал хүсэлтийн дагуу дээрх хөрөнгөөр ямар ажлууд хийж байна вэ?

 

Тиймээ, энэ жил өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин их хөрөнгө буюу 135 сая төгрөг орон нутгийн хөгжлийн санд хувиарлагдсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхдээ орон нутгийн давсан орлогоос 33 сая төгрөг, нийтдээ 168 сая төгрөгөөр иргэдээс авсан саналын дагуу 14 бараа ажил үйлчилгээг хийхээр баталсан. Дээрх ажлуудаас эхний хагас жилийн байдлаар Зартын голын гүүрийн засварын ажил, 15 га газарт малын тэжээл царгас тариалж талбайг хашаалах, хурдан морь барианы газрын тохижилтын ажил, баяр наадмын талбайн засвар зэрэг ажлууд хийгдэж байгаа. Соёлын төвийн  музейн засварын ажил, таван цэгт хийгдэх аянга зайлуулагч хийх ажлуудын тендер зарлагдаад байна.

 

Сумын хөгжил дэвшилд сум хөгжүүлэх сангийн хөрөнгө ч нэлээд дэмтэй байдаг. Танай сум энэ хөрөнгөө хэр үр дүнтэй зарцуулж байгаа бол?

 

 Сумын Засаг даргын мэдэлд байдаг хоёр сангийн нэг нь болох сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь иргэдэд  хамгийн бага хүүтэй зээл олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой юм. Тухайн сангийн хөрөнгийг зөвхөн төсөл харж олгох биш, бодит судалгаа хийгдсэн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, үйлчилгээний цэг ажиллуулдаг хөрөнгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай иргэдэд олгож байна.  Энэ сангийн  зээлийн эргэн төлөлт 2014 оноос хойш маш удаашралтай явагдаж байгаа бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, зээл авсан иргэдэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай шаардлага хүргүүлэх, Тосонцэнгэл сумын Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчтай хамтран хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдийг энэ ондоо багтааж зээлийн үлдэгдлээ барагдуулах гурвалсан гэрээ нэмж байгуулан ажилласан нь үр дүнгээ өгч байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн халамжийн мэргэжилтэн давхар хариуцдаг байсныг болиулж Мал эмнэлэг, үржлийн тасгийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд хариулснаар зээлийн эргэн төлөлт сайжирч байна. Өнөөдрийн байдлаар 173  иргэнд давхардсан тоогоор 655.2  сая төгрөгийн зээл олгоод байна.

 

Завхан аймаг “Эко Завхан”, “Миний гоё сум” хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Түүнчлэн “Бүтээн байгуулалт-14” арван дөрөв хоногийн эрчимжүүлсэн аяныг ч өрнүүллээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийв. Томоохон ойн үйл ажиллагаа зохион байгуулах гэж буй танай сумын ажилд нэлээн дэмтэй байсан болов уу?

 

Аймгаас санаачлан өрнүүлж байгаа дээрх  ажлууд ой угтсан бүтээн байгуулалтын   ажилд  маш их тус дэм болж байна. Зарим ажлаас дурьдвал, “Миний гоё сум”  “Эко Завхан” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагууд 3000 гаруй мод тарьж ургуулсан. Сумын Засаг даргын санаачилгаар 265*180 метрийн харьцаатай бетонон суурь бүхий төмөр хайстай цэцэрлэгт хүрээлэн барьж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгийн хур хогийг бөөгнүүлэх, дарж булах, сумын төвийн орчны болон Идэр гол, төв зам  дагуух ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлуудыг иргэд, төрийн албан хаагчдын хүчээр хийлээ. Байгуулллага бүр гадна гэрэлтдэг хаягтай болж гадаа талбайдаа амралтын сүүдрэвч барьж, цэцгийн мандал байгуулан  бутлаг ургамал 300-500 ширхэгийг тарьж, хашаа хайсаа сэргээн засварлалаа. Багийн дарга нар иргэдтэйгээ хамтран багийн төвөө тохижуулах, хур хогоо цэвэрлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлийн хашаагаа  засаж янзлах гээд л олон ажлуудыг хийж байна.

 

Энэ хавар төл малынхаа хэдэн хувийг хүлээж авав. Аймгийн Засаг дарга зургадугаар сард сумын Засаг дарга нартай уулзах үеэрээ найр наадам эхлэхээс өмнө өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд ямар ажил хийв?

 

Энэ жил  120 гаруй мянган мал төллөхөөс эхний хагас жилийн байдлаар  111  мянган мал буюу 91.1 хувь нь  төллөж, гарсан төлийн бойжилт 95.5 хувьтай байна.   Наадмын маргааш намар гэдэг. Энэ жил  манай нутгаар оройтож зуншиж байгаа, манай орны ихэнх нутгаар гандуу байгаа  нь ирэх өвөл зүтгүү болж магадгүй дүр зураг харагдаж байна. Дээр нь манайхны  отор хийж заншсан Архангай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад  малын гоц халдварт өвчний тархалт  ихтэй байгаа нь гадна аймаг сум руу отроор нүүдэллэн онд ордог манай сумын хувьд байдал нилээд хүндрэх төлөвтөй байна. Иймд мал сүргийнхээ тоо толгойг цөөлөх, чанаржуулах, өвс тэжээлээ эрт сайтар базаах, өвөлжөө, хашаагаа засаж янзлах, мал сүргээ мал эмнэлгийн үзлэг шинжилгээ, тарилга, туулганд хамруулах зэрэг ажлуудыг  хийх талаар багуудын иргэдийн нийтийн хурлууд дээр малчдад үүрэг болгосон. Мөн сумын хэмжээнд өвөлжөөний хашааг ариутгах ажлыг зохион байгуулахаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажилд тусган ажиллаж байна. 15 га газарт  малын тэжээлийн царгас тариаллаа.

 

Хүн ам олонтой сумын хувьд төрийн үйлчилгээг иргэддээ тэгш, хүртээмжтэй хүргэх шинэлэг ажлуудыг хэр зохион байгуулж байна?

 

Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу сумын төвийн  өрхийг төрийн байгууллагын 220 ажилтан, албан хаагчдадаа хуваарилан ажиллуулж, байгууллага бүр дээр ”Иргэдээ сонсоё” аяныг гурав, дөрөв, тавдугаар сард зохион байгуулсан бөгөөд мал төллөх үеэр сумын Засаг даргын Тамгын газар Эрүүл мэндийн төвтөй хамтран хүний эмч, малын эмч бүхий багийг сумынхаа мал аж ахуйн таван багт ажиллууллаа. Багийн Иргэд нийтийн хурлуудыг  тавдугаар сард зохион байгуулж,  цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тэдний санаа бодлыг сонслоо.  

 

Танай сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсоноор олон давуу тал бий болж байгаа байх.  Их-Уул сумын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлбол?

 

Манай сум Завхан аймгийн хэмжээнд хамгийн түрүүнд төвийн эрчим хүчний системд, мөн Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон. Ер нь аливаа улс, сум орон нутгийг хөгжүүлэхэд хамгийн чухал нь дэд бүтэц. Энэ асуудлыг шийдсэн цагт нилээд олон асуудал зах зээлийн зарчмаараа шийдэгддэг. Өнөөдөр манай сумынхан Улаанбаатар хот орохын тулд 10 цаг л зарцуулж байна. Зам дагаж хөгжил гэдэгчлэн цаг хугацаа хэмнэх, бараа материалын үнэ буурах зэрэг давуу талууд бий болж байна. Би  сумынхаа  ирээдүйг их өөдрөгөөр төсөөлдөг. Нэгдүгээрт бид сумандаа сайхан амьдрах нөхцөл бололцоогоор хангагдсан,  хоёрдугаарт зөвхөн мал аж ахуйн болон баян хангайнхаа ашиг шимээр бүрэн дүүрэн амьдрах бололцоотой, гуравдугаарт зах зээлийн хамгийн ашигтай бүс нутаг. Манай сумынхан эрт үеэсээ л хөдөлмөрч чанараараа гайхагддаг, айл өрх бүр нь үйлдвэрлэгч, Монгол Улсын хэмжээнд хоёр хөдөлмөрийн баатраар удирдуулсан цорын ганц сум. Мөн улсын цолтой бөхийн тоогоороо улсад хоёрдугаарт ордог хүчтэний  их өлгий нутаг юм. Энэ олон бахархалт түүхийн эзэн, Завхан сайхан нутагт морилон саатах иргэдийн эхний болон сүүлчийн сэтгэгдлийг нь үлдээж байдаг  дутуу юм үгүй баян нутаг шүү дээ. Ингээд нутгийнхаа уугуул иргэдийг 2018 оны долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд хүчтэний өлгий нутаг Их-уул сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадамдаа хүрэлцэн ирэхийг урья.

 

Ярилцсанд баярлалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-07-17 18:08:42