Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРУУН ТАВАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох яамны сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын тэргүүтэй албаны хүмүүс Увс аймагт баруун таван аймгийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулав.

 

Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хил, боомтын хүнд суртлыг арилгах, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг баруун аймгуудаас БНХАУ-ын баруун бүс нутаг руу экспортлох, баруун бүсийн аймгууд болон Шиньжян-Уйгурын өөртөө засах орны хооронд жилд 1-2 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг саналуудыг тавилаа.

Баруун таван аймгийн Засаг дарга нар бүс нутгийнхаа онцлог, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах хүсэлтүүдээ уламжиллаа. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: "...Завхан аймаг бол үзэсгэлэнт сайхан байгальтай, мал сүргийн тоогоороо улсдаа тэргүүлэх байранд ордог, мал амьтны халдварт өвчингүй бүс нутаг юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улстай хиллэн оршдог. Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын баруун болон хойд коридор, аялал жуулчлалын бүсэд багтаж буй газар зүйн давуу байршилтай. Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Завхан аймагт одоогийн байдлаар Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр авто замууд тавигдаж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд түлхэц үзүүлж буйд баяртай байна. Цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар дараах саналтай байна. Нэгдүгээрт, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамран ажиллах, Хоёрдугаарт, Дэд бүтцийг хөгжүүлэх, Гуравдугаарт, Боловсол, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна" гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, баруун бүсийн дэд бүтэц, ялангуяа, Завхан, Ховд аймгийн замыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ, хоёр орны боомтуудыг сайжруулахад анхаарал тавьж ажиллана, Латин Америкаас бус Монгол улс, тэр дундаа малын өвчингүй баруун аймгуудаас  мах импортлоно, томоохон үйлдвэр байгуулахыг дэмжиж хамтран ажиллана, Хятадын засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийг баруун аймгуудын иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад зарцуулна, Монголын ард түмнийг Шиньжян-Уйгурын өөртөө засах оронд суралцах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, аялах зэрэгт дэмжлэг үзүүлэх, хилийн бүс нутагт экспо үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг тус тус дэмжиж буйгаа илэрхийллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-08-28 10:00:56