Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
"АРД ИРГЭДЭЭ СОНСОХ АЯН"-ЫГ 110 БАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, 12 МЯНГА ГАРУЙ ИРГЭНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

Ард иргэдээ сонсдог, тэдний саналыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албаны ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан тэдэнд тусалж, төр иргэн хоорондын харилцааны гүүр болон ажилладаг тогтолцоонд шилжсэн Завхан аймаг “Ард иргэдээ сонсох дөрөвдүгээр аян”-ы хүрээнд 2018 оны наймдугаар сард аймгийн удирдлагуудаар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг хөдөөгийн 66 багийн 6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэж ажилласан юм. Тэгвэл 2018 оны аравдугаар сард аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг 23 сумын төв болон, хөдөөгийн үлдсэн багуудад ажиллаж, 116 багийн 110 багт нь хүрч үйлчилснээр 12 мянга гаруй иргэний санал хүсэлтийг сонсож, төрийн цогц үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэлээ. Иргэдийн зүгээс малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, залуучуудыг ажлын байртай болгох, шатахууны үнийг бууруулах, “Зөрчлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, эргэлтийн эмийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг тавьж байв.

Энэ үеэр мөн аймгийн Засаг дарга 2018 оны ажлын тайлангаа тавьж, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авч, сумын Засаг даргаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулав.

Завхан аймаг мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд 24 суманд нэг бүр нь 6.6 сая төгрөгийн үнэ бүхий малын тарилгын хашааг үнэ төлбөргүй олгосон бол энэ жил 14 суманд нэг бүр нь 12 сая төгрөгийн үнэ бүхий бог малын угаалгын зөөврийн төхөөрөмж олголоо. Малын угаалгыг сайн хийснээр арьс шир чанаржиж, улмаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх боломж бүрдэх юм.

Энэ үеэр улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн, Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулсан иргэдийн шагналыг аймгийн Засаг дарга гардуулан өглөө. Мөн багийн Засаг дарга нарын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор зөөврийн компьютер олгов.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-10-25 10:24:35