Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“САЙН БИЗНЕСМЕН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “БИЗНЕС СЭТГЭЛГЭЭ БА ТӨЛӨВШИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг тул Завхан аймаг хүнийхээ хөгжилд онцгойлон анхаарал хандуулж таван “Сайн” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн бизнесмен” хөтөлбөр юм. “Сайн бизнесмен” хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдээ чадваржуулах зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батсайханы урилгаар Санхүү эдийн засгийн их сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Батжаргал хүрэлцэн ирж, Завхан аймгийн 350 гаруй бизнес эрхлэгчдэд бизнесээ хэрхэн амжилттай авч явах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх, бизнес санаа, бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэх талаар сургалт хийж, зөвлөгөө өглөө. Мөн энэ үеэр бизнес эрхлэгчдэд сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сангийн зээлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч, арилжааны банкууд болон бусад байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж ажиллав.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ, Завхан аймгийн бизнес эрхлэгчид сэтгэлгээндээ өөрчлөлт хийхээс гадна дэлхийн чиг хандлагыг дагаж худалдааны бизнесээс үйлдвэрлэлийн бизнест, таамаглалын эдийн засгаас тооцооллын эдийн засагт шилжих зайлшгүй шаардлагатай байгааг онцолж, аймгийн Засаг даргын дэргэд “Төр-хувийн хэвшлийн зөвлөл” байгуулж ажиллахаар боллоо.

 

Дашрамд дуулгахад, “Сайн бизнесмен” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” захирамж гаргаснаар албан байгууллага, ард иргэд орон нутагтаа үйлдвэрлэсэн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвшлээ. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Завхан аймаг дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ гуравдугаар байрт орсон бол Монгол банкны мэдээгээр 2018 оны эхний 10 сарын байдлаар иргэдийн мөнгөн хадгаламжид 66.9 мянган иргэний 84 тэрбум 484.6 сая төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 16.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.  

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-11-28 09:37:28