“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 496.600 АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
1033 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр Завхан аймагт 2017-2021 онд таван жилийн хугацаатай хэрэгжиж байна. Энэ удаад Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан “Хүүхдэд ээлтэй төсөвлөлт” сургалтыг Завхан аймагт зохион байгуулж, 24 сумын Засаг дарга болон шийдвэр гаргах түвшний удирдлагууд оролцлоо. Энэ үеэр НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ: “Завхан аймаг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүхдэд ээлтэй орон нутаг болох зорилгын хүрээнд олон ажил хийж, маш их ахиц дэвшил гарсныг харлаа. Хүүхдийн тав тухтай, тохилог, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсроход онцгойлон анхаарал хандуулж, сургууль, цэцэрлэг, дотуур байруудад хөрөнгө оруулалт хийснээс гадна малчдын зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдүүдэд зориулж “Гэр өргөө” байгуулсан нь шинэлэг ажил болжээ. Цаашид зам тээврийн аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар яагаад хүүхдэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, төсөв хөрөнгөө хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар мэдээлэл өглөө. 2019 онд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа үргэлжлүүлэхээс гадна хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдлийг бууруулахад анхаарч ажиллана” гэлээ.

 

НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2021 онд гэхэд Монгол Улсын хамгийн боломж муутай эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалт нь сайжирсан, хүүхдийн эсэн мэнд амьдрахад агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах, эрүүл, чанартай сургалтын орчин дахь боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй тогтолцоог бий болгох чадавхыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Энэхүү зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд Завхан аймагт 496.600 ам.долларын хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөж, 2019 оны ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

 

2018-12-25 10:53:16