Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ БОЛСОН ЭНХРИЙ БЯЦХАН ҮРСЭЭ ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙЛГАЯ

 

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, тэдний санал хүсэлтэд тулгуурлан шийдвэр гаргадаг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Тун удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын удирдлагуудын санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, чадавхжуулах, хүчирхийллийн эсрэг, байгаль орчин зэрэг олон чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулж, цаашид төртэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар саналаа солилцов.

 “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” ТББ-аас мэдээлэхдээ, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл буурахгүй байгааг онцолсон юм. 

Жил бүрийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хүлээн авалт, баяр ёслол төдийхнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ утгаараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж чаддаггүй. Тиймээс энэ жилээс эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах чиглэлээр бодит ажил зохион байгуулах, тэдний дуу хоолой, санал хүсэлтийг сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хамтран боловсруулахаар боллоо.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: “Төрийн бус байгууллагууд төрийн зарим чиг үүргийг хамтран хэрэгжүүлснээр олон эерэг үр дүн гарна. Тухайлбал, Архигүй аймаг болох хөдөлгөөн, Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт, “Эко Завхан” аян зэрэг орон нутгаасаа дэвшүүлсэн зорилттой үйл ажиллагаагаа уялдуулах нь зүйтэй. Төрийн бус байгууллага бүр хийх ажлын төлөвлөгөөгөө улирал, жилээр тодорхой гаргаж, бусад ТББ-ууд нь хамтран оролцож, төрийн зүгээс ч дэмжлэг үзүүлэх замаар цаашид үр дүнтэй хамтран ажиллая.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хүчирхийллийн эсрэг нэгдье” жагсаал, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж, энэхүү үйл ажиллагаанд хүчирхийллийн эсрэг нэгдэх хүсэлтэй хүн бүр оролцох боломжийг хангаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь нийгэмд болж буй муу муухай бүхнээс ангид байх гэгээн үйлсэд нэгдэж буй хэрэг  юм” хэмээн онцоллоо. 

Ийнхүү энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.

Эмэгтэйчүүд, эх орны ирээдүй болсон энхрий бяцхан үрсээ хүчирхийллээс ангид байлгах гэгээн үйлсэд Завханчууд та бүхнийг нэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна.

 

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-27 12:29:49