Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 5 ТӨРЛӨӨ

Завхан аймагт энэ жил өвсөндөө таарсан цастай, өнөтэй сайхан жил болсон тул малчдын сэтгэл тэнүүн, малын зоо тэнэгэр, мал аж ахуйн салбарын амжилт бүтээл арвин байна. Удам дамжсан малч ухаанаа орчин цагийн мал аж ахуйн дэвшилтэт ололттой хослуулан мал сүргээ төлөөр нь өсгөж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлэн улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа гахай жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар Тэс сумын Баян-Уул багийн малчин Баатарын Хоролсүрэн, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Ганжуурын Дашдорж, Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн малчин Надалдоржийн Гомбо, Ургамал сумынТосгуур багийн малчин Юрагийн Мөнхбат, Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Бат-Очирын Мөнхбат нар тодорлоо.

Улсын аварга малчин Б.Хоролсүрэн

Тэс сумаас 30 жилийн дараа Улсын аварга малчин, 31 жилийн дараа эмэгтэй Улсын аварга малчин төрсөн нь Баян-Уул багийн малчин Баатарын Хоролсүрэн юм. Тэрээр 50 гаруй жил мал маллахдаа эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөж 2000 гаруй малтай байсан бол сүүлийн жилүүдэд чанар, ашиг шимийг нь сайжруулахад анхаарч байна. “Дэлгэрэх амьдрал” нэгдэлд малчнаар ажиллах хугацаандаа аймгийн аварга малчнаар зургаан удаа шалгарчээ. Б.Хоролсүрэн сүүлийн таван жил дараалан мянгаас дээш толгой мал тоолуулж, энэ жил ийнхүү улсын аварга малчин боллоо.

Улсын аварга малчин Г.Дашдорж

Цэцэн-Уул сумаас сүүлийн хоёр жил дараалан Улсын аварга малчин төрлөө. Энэ жил “Улсын аварга малчин”-ы болзлыг хангасан Сангийн далай багийн малчин Ганжуурын Дашдорж 1600 гаруй толгой малтай, сумандаа хониороо тэргүүлдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутгаасаа зохион байгуулж буй ажлуудад тогтмол идэвхтэй оролцдог байна. Тухайлбал, албан байгууллагуудтайгаа хамтарч ажиллахаас гадна “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд сумынхаа шилдэг багшийг хоёр сая төгрөгийн үнэ бүхий малаар малжуулжээ.

 Улсын аварга малчин Н.Гомбо

Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн малчин Надалдоржийн Гомбо улсын аварга малчин боллоо. Энэ жил 76 настай тэрээр улсад 52 жил ажилласнаас 23 жил мал маллажээ. 2005 онд мянгат малчин, 2007 онд сумын сайн малчин, 2008 онд аймгийн сайн малчин, 2013 онд аймгийн алдарт уяач, 2017 Монгол улсын аварга төлчин Х.Гүнрэгжавын нэрэмжит шагнал “Зудгүй малчин” болжээ. 2200 гаруй толгой малаа дөрвөн төрөлд нь өсгөж, 500 орчим малыг байгууллага, ард иргэдэд хандивласан байна.

 Улсын аварга малчин Ю.Мөнхбат

Ургамал сумаас Тосгуур багийн малчин Юрагийн Мөнхбат улсын аварга малчнаар тодорлоо. Тэрээр 26 жил мал маллаж байна. 2012 онд аймгийн сайн малчин, аймгийн алдарт уяач, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ”Нигүүлсэнгүй үйлст манлай малчин” болжээ. 2018 оны эцэст 1800 орчим толгой мал тоолуулж, малынхаа чанар, ашиг шимийг сайжруулахад ихээхэн анхаарч ажилладаг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад 500 орчим мал хандивлаж, өөрийн хөрөнгөөр хоёр худаг гаргажээ.

 Улсын аварга малчин Б.Мөнхбат

Их-Уул сумаас сүүлийн таван жил дараалан Улсын аварга малчин төрлөө. Энэ жил “Улсын аварга малчин” болсон Цэцүүх багийн малчин Бат-Очирын Мөнхбат 30 гаруй жил мал маллахдаа дөрвөн аймгийн 10 гаруй суманд отор нүүдэл хийжээ. Тэрээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажилд манлайлан оролцдог, удмаараа ажилсаг хүмүүс хэмээн нутгийнхан нь сайшааж байв. Улсын аварга малчин Б.Мөнхбат 2015 онд мянгат малчин, 2016 онд аймгийн сайн малчин, 2017 онд Алтан тугалын эзэн болж байсан бол энэ жил 1500 гаруй толгой мал тоолуулж 500 орчим төл хүлээж авахаар бэлтгэлээ базаажээ. 

 

Б.Оюун-Эрдэнэ

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-11 09:06:36