Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
СУМДЫН “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

Завхан аймаг эрүүл мал бүхий аймаг байх зорилтоо амжилттай хэрэгжүүлж, Солонготын даваа, Согоотын даваанд малын эрүүл мэндийн хяналтын байнгын цэг байгуулан ажилласнаар малын халдварт өвчингүй аймаг болоод байгаа билээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Сайн малчин” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог 24 сумандаа нэвтрүүлэхээр тусгасан юм. Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог нэвтрүүлэхэд 1. Малчдад маш сайн мэдээлэл хүргэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх 2. Сумуудаа тоног төхөөрөмжөөр хангах 3. Эрүүл мал бүхий аймаг болохоо олон нийтэд хүргэх замаар хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангах асуудал чухал юм.

Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог 24 суманд нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдсэн бол малчдад малын эрүүл мэндийн мөшгих тогтолцооны талаарх нэгдсэн ойлголтыг өгөх, малчдынхаа санал бодлыг сонсох зорилгоор энэ оны гурав, дөрөвдүгээр саруудад 24 суманд “Сумын малчдын зөвлөгөөн” зохион байгуулж, тавдугаар сард баг бүрээс малчдаа төлөөлөн сонгогдсон 350 гаруй малчныг оролцуулсан “Аймгийн малчдын зөвлөгөөн” зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Аймгийн зөвлөгөөнд оролцох гурван малчнаа баг бүр бүлгийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх ба сонгогдсон малчид сумынхаа мал эмнэлэг үржлийн тасаг, хөдөө аж ахуйн тасагтайгаа хамтран малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог орон нутагтаа хэрэгжүүлэх юм.

Сумдын малчдын зөвлөгөөн Сантмаргаз сумаас эхэлж 200 гаруй малчин оролцлоо. Энэ үеэр мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо, бэлчээр ашиглалтын талаар мэдээлэл өгч, малчдынхаа санал бодлыг сонслоо. Мөн багаа төлөөлөн “Аймгийн малчдын зөвлөгөөн”-д оролцож, малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог сум, багтаа хэрэгжүүлэх малчдаа сонголоо.

“Аймгийн малчдын зөвлөгөөн”-ий үеэр уламжлал ёсоор “Эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-аа тодруулах бөгөөд энэ жил малчид өөрсдөө шалгаруулахаараа онцлог юм. Эхний шатанд баг бүр тус номинацийн болзол, шалгуурыг хангасан нэг малчнаа нэр дэвшүүлэх бол хоёрдугаар шатанд сумынхаа “Малчдын зөвлөгөөн”-өөр хэлэлцэж сумаасаа нэг малчныг тодруулна. Эцсийн шатанд сум бүрээс шалгарсан 24 малчнаас “Эх дэлхийдээ ээлтэй сайн малчид”-аа тодруулна.

Ийнхүү сумдын малчдын зөвлөгөөн Сантмаргаз сумаас амжилттай эхэлсэн бол үлдсэн 23 сумын малчдын зөвлөгөөн энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдана.

Б.Оюун-Эрдэнэ

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-19 09:21:53