Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ИДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.БАЯРМАА: МАНАЙ СУМ ЭНЭ ЖИЛ НЭГДСЭН ХАЛААЛТАД ХОЛБОГДОНО

 

Саяхан л Идэр сумын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, цаг үеийн асуудлаар ярилцаж байсан санагдана. Гэвч аль хэдийнэ нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багагүй бүтээн байгуулалт өрнөж, олон шинэлэг ажлыг санаачилан хийсэн болов уу?

 

Тийм байна шүү. Цаг хугацаа их хурдан өнгөрч байна. Завгүй байдагтай холбоотой байх гэж боддог шүү. Өнгөрсөн 2018 онд бүтээн байгуулалтын олон ажил хийлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хүүхдүүдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх стандартын тоглоомын талбайг барих ажил, Эрүүл мэнийн төвд цусны анализатаор, монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, яаралтай тусламжийн анхан шатны багаж тоног төхөөрөмж авах асуудлыг шийдвэрлэлээ. Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажлыг хийлээ. Мөн “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд нэг га талбайд цэцэрлэгт хүрэээлэн байгуулж гацуур, бургас, улиас зэрэг 250 мод суулгасан. Сумынхаа шилдэг нэг эмч, зургаан сайн багшийг тус тус шалгаруулж төллөх 10 хониор малжуулах ажлыг хийлээ.  Ерөнхий боловсролын сургуулийн зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г шинээр барьж байгуулан ирэх хичээлийн шинэ жилд 16 хүүхэд хүлээн авахад бэлэн боллоо. Загастай багийн “Иргэдийн хөгжлийн төв”-ийг шинээр барилаа.  Мөн сургуулиа Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Академич С.Нямзагдын нэрэмжит болгох асуудлыг шийдвэрлүүллээ.

 

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” болох зорилтынхоо хүрээнд 24 сумын удирдлагуудаа Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон урд хөршид туршлага судлуулж, жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцууллаа. Таны хувьд үр дүн нь юу байв. Орон нутгаа хэрхэн хөгжүүлэх тухай бодол уяатай явдаг сумын удирдлагуудын хувьд олон сайхан шинэлэг санаа өвөртлөн ирсэн болов уу?

 

 Энэ ажил их үр өгөөжтэй ажил боллоо. Газар дээр нь явж өөрийн сумын онцлогт тохирох тоног төхөөрөмжийг сонгосон, ярилцаж байгаад хаана ямар зүйлээ бүсчилсэн байдлаар хийх вэ гэдгээ тодорхойлж авлаа.  Ер нь манай сум байгалийн үзэсгэлэнтэй газар нутагтай учир аялал жуулчлал хөгжүүлж, иргэд орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Мөн мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, малчдын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, малчид түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх, дараа нь эрүүл бүс гэдгээ хадгалж үлдэх нь чухал юм.

 

Хөрөнгө оруулалтын чуулганаар танай суманд нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар, ямар төсөл хэрэгжихээр болов. Энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, ард иргэдээ ажлын байраар хангах, амьжиргааны түвшинг нь дээшлүүлэхэд сумын Засаг дарга, удирдлагуудын хөөцөлдлөгөө хэрэгтэй. Түүнчлэн ард иргэдтэйгээ хамтран ажиллах асуудал ч чухал?

 

Энэ арга хэмжээний үеэр АДРА олон улсын байгууллагын 155.000  америк долларын хөрөнгөөр Герман технологиор манай суманд сарлагийн бяслаг хийх үйлдвэр барих, мөн аялал жуулчлалын чиглэлээр тус тус хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан.  Сумын тухайд нэхий, шир элдэх тоног төхөөрөмж авахаар сонгосон байгаа.

 

Өнгөрсөн онд танай сумын ОНХСанд 57 сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөрөнгийн ихэнхийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна гэж байсан. Мэдээж орон нутгийн хөгжилд багагүй үр өгөөжөө өгсөн байх?

 

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөг, волейболын талбайтай болсноос гадна цагдаад согтуурлын хэмжээ тогтоох төхөөрөмж зэргийг авч өгч, сумын төвийг камержуулах ажлыг хийснээр гэмт хэрэг, зөрчил буурсан байгаа.

Сум бүрийн ОНХС-ийн хөрөнгө жилээс жилд өссөөр байгаа. Энэ онд Идэр сумын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдав. Ард иргэдийнхээ саналаар ямар ажлуудад зарцуулж байна вэ?

 

Энэ жил манай суманд 64 сая төгрөг хуваарилагдсан.  Жил бүр орон нутгийн сангийн  хөрөнгөөр хийх ажлынхаа талаар иргэдээс санал авч эрэмбэлж хэвшсэн. Энэ жил өвөлжөө бууцны ариутгал, малын эрүүл мэндийн цахим систем нэвтрүүлэх, хогийн цэгийг тохижуулах тоног төхөөрөмж авах ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн.  

 

Энэ онд ОНХС-аас гадна бусад хөрөнгө оруулалтуудаар өөр ямар шинэлэг ажлууд хийхээр төлөвлөсөн бэ. Сумын өнгө үзэмж, ард иргэдийн амьдрах орчин хэрхэн өөрчлөгдөх бол?

 

 2019 он бидний хувьд их бүтээн байгуулалт өрнөсөн жил болно.Улсын төсвийн хөрөнгөөр 200 хүний суудалтай Соёлын төв барихаар зураг төсөв хийгдсэн, тендер шалгаруулалт зарлагдсан. Мөн сумын төв нэгдсэн дулаан халаалт, цэвэр усны шугамд холбогдохоор зураг төсөв хийгдсэн байгаа. Эхний ээлжинд төсөвт газрууд нэгдсэн халаалтад холбогдоно. Хүссэн иргэдийг холбох ажлыг шат дараатай хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн иж бүрэн спорт тоглоомын талбай барих ажил, Эрүүл мэндийн төвийн засварын ажил тус тус хийгдэхээр аймгийн үндсэн чиглэлд тусгагдсан. Сумын өнгө үзэмжийг сайжруулахаар “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна суманд байхгүй мод бут тарих ажлаа үргэлжлүүлэн хийнэ.

 

2021 онд танай сум, сургуулийн түүхт 90 жилийн ой болно. Жилд 30-аас доошгүй ажлыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудынхаа туслалцаа дэмжлэгтэйгээр хийнэ гэж байсан. Тухайлбал энэ онд ямар ажил  хийхээр төлөвлөв?

 

2021 онд сум, сургуулийн 90 жилийн ой болно. Бид 2018 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар 90 жилийн ой угтаж хийх 90 бүтээлч ажлын жагсаалт гарган ажиллаж байгаа. Хэрэгжилт 40 хувьтай байна. Энэ ажилд Манай сумын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын нутгийн зөвлөлүүд их идэвх санаачилга гарган ажиллаж байгаа. Энэ дашрамд төрөлх сум орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Завхан аймаг “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, ард иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бусад сум, орон нутагт туршлага болохуйц ямар шинэлэг ажил зохион байгуулж байна вэ?

 

Аймгийн Засаг даргын шийдвэрээр 2016 оноос “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан 2019 онд иргэд рүү чиглэсэн ажлынхаа талаар сумын нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Соёлын төвтэйгээ хамтраад сар бүр сумаасаа төрөн гарсан алдартай, амжилттай яваа хүмүүсээ урьж, иргэд олон нийтрүү хандсан лекцийг зохион байгуулж хэвшээд байна. Энэ тавдугаар сард Монгол Улсын гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд сумандаа хүрэлцэн ирж иргэдэд мэдээлэл өгнө.  

 

Хаваржилтын нөхцөл байдал ямар байна. Ойрын үед зохион байгуулж буй цаг үеийн ажлынхаа талаар мэдээлэл өгөөч?

 

Өвөлдөө цас багатай боломжийн өвөл болсон ч хавартаа цас их орж хүйтэн байснаас хаваржилт бага зэрэг хүндрэх төлөвтэй байсан тул  2019 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хөдөө багийн малчин өрхийн бүх айлаар орж өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцлаа. Хаваржилт хүндэрч болзошгүй газруудад  аймаг, улсын нөөцөөс шаардлагатай өвс тэжээлийг хямдралтай үнээр авч малчдад шуурхай хүргэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулсан тул хохирол багатай давсан. Мал төллөлт одоогоор 80 хувьтай байна. Сумынхаа “Малчдын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион  байгуулсан бол жил бүр уламжлал болгон хийдэг “Төлчин  эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-аа ойрын өдрүүдэд хийхээр бэлтгэл ажилдаа орлоо. Энэ арга хэмжээний үеэр бүх төлчин эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах, гэр бүлийн чиглэлийн сургалт хийх, АДРА олон улсын байгууллагын төслийн талаар танилцуулах зэргээр олон ажил төлөвлөөд байна.   

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-30 10:25:35