Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ӨНӨӨДӨР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨВ

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг ёс төртэйгээр өргөдөг билээ. Өнөөдөр буюу намрын адаг сарын шинийн 3-ны Дашням, Балжиннямтай билигт сайн өдөр Нутгийн удирдлагын ордонд “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа” болж 12 байгууллагын 30 төрийн захиргааны албан хаагч тангараг өргөж, төр түмнийхээ төлөө мэдлэг чадвараа дайчлан чин шударгаар ажиллахаа илэрхийлэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга Л.Лхамсүрэн нээж үг хэллээ. Тэрээр “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх энэ торгон агшин хүн бүрт тохиодоггүй, нэр хүндтэй, чухал цаг хугацаа юм. Та бүхэн энэ мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж,  хуульд захирагдан ард түмэндээ эрх тэгш үйлчилж, үндсэн хууль болон бусад хуулиа чандлан баримталж, төрдөө чин үнэнчээр, идэвх санаачилгатай, хариуцлагатай зүтгэж, ард түмнийхээ тусын тулд албан үүргээ шударгаар биелүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг хамгийн ахмад албан хаагч аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Д.Мөнхдэлгэр хүндэтгэлтэйгээр дуудаж, бусад албан хаагчид дагалдан уншив. Ийнхүү тангаргийг дуудсаны дараа албан хаагч бүр төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, Монгол Улсын төрийн далбаанаас адис авч, “Тангаргийн бичиг”-т гарын үсэг зурав.

 

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2019-10-30 14:19:34