Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ГАМШГИЙН ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ 4 СУМЫН 0-5 НАСНЫ 2800 ХҮҮХДЭД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Завхан аймагт НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр таван жилийн хугацаатай хэрэгжиж байна. Энэ онд уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдлийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам хамтран “Хүүхэд төвтэй, цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгаалал төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг төслийн эхний шатыг Завхан аймгийн Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул суманд хэрэгжүүлж, 0-5 насны 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөг олгохоор болсон байна.  

 

Хэдийгээр төрөөс мал хорогдох эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг боловч хүүхдүүд, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хамгааллын үйл ажиллагаа хангалтгүй байгаа юм. Зудад нэрвэгдэхэд ядуу болон орлого багатай өрхүүдэд ихээхэн дарамт учирч, гол төлөв бэлэн мөнгөний хомсдол үүсдэг байна.  Гэнэтийн цочролыг даван туулахын тулд хүүхдээ гэр орны ажилд туслуулах, зардал хэмнэх зорилгоор сургуулиас гаргах, хоол хүнсээ багасгах зэрэг сөрөг стратегийг  хэрэгжүүлж болзошгүй өрхүүдийн эрсдэлийг багасгах нь энэхүү төслийн гол зорилго юм. Энэ тусламжийг хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгох, чанартай хоол хүнс өгөх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, дулаан хувцас авч өгөхөд зарцуулах шаардлагатай. Төслийг Засгийн газрын хүүхдийн мөнгөний данс, хүний нөөцийг ашиглан зохион байгуулж байгаа нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн зардал хэмнэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

 

Уг төслийн эхний шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хариуцсан зөвлөх Б.Зоя, Цаг уурын өөрчлөлтийн нийгмийн хамгааллын зөвлөх Б.Даваажаргал, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний ерөнхий газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхбаяр нар өнөөдөр сургалт зохион байгуулж аймгийн ЗДТГ, ХХҮГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, зорилтот сумын Засаг дарга нар, нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, банкны ажилтнууд оролцлоо.  

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: “Юуны түрүүнд Завхан аймгийг сонгож хамтран ажиллаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сонгогдсон дөрвөн суманд хамгийн их цас унаж хүйтэрдэг учраас нүдээ олсон шийдэл болжээ. Ган гачиг, зуд зэрэг гамшгийн эрсдэлийн үед хүүхдүүд хэлмэгдэж хохирох явдал их байдаг. Иймд энэхүү үйл ажиллагаа цаг үеэ олсон, чухал ажил юм. Хүүхдүүдэд мөнгөн тусламж олгож байгаа нь тэднээр дамжуулан өрхийн амьжиргааг дэмжих, хүүхдэд санхүүгийн зөв мэдлэг, дадал олгох зэрэг давхар ач холбогдолтой. Гагцхүү төслийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж буй талууд хариуцлагатай байж, үр дүнтэй ажиллах нь чухал юм” хэмээн онцоллоо.

Төслийн хоёрдугаар шат 2020 оны 2,3,4-р сард хэрэгжих бөгөөд энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдлаас хамаарч зорилтот сумдыг зудын зураглал дээр үндэслэн сонгох юм. Сонгогдсон сумдын 0-5 насны 8000 хүртэл хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-20 17:40:54