Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХГҮЙ

Орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоногийн хугацаатай сунгах шийдвэр гаргаад байгаа юм. Тэгвэл Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг сунгах эсэх асуудлаар өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдлаа. Аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.9 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус тоо 15 ба түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд хичээл сургалтын үйл ажиллагааг хязгаарлах эрх үүсдэг аж. Иймд томуу, томуу төст өвчний өнөөдрийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан дүн мэдээг үндэслэн аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

Үүнд:

 

 1.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг сунгахгүй байх

 

2. Аймгийн Эрүүл мэндийн газар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, одоогийн түвшинг нэмэгдүүлэхгүй байх талаар сэрэмжлүүлэг, олон нийтэд хандсан ажлуудыг сайтар зохион байгуулах

 

3. Ерөнхий боловсролын сургуулиуд эцэг эхтэйгээ эргэх холбоотой ажиллах талаар аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газраас сумдад чиглэл өгч ажиллах

 

4. Хүйтний эрч сулартал олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох

 

5. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, уламжлалт аргуудаа хэрхэн хэрэглэх талаар сургууль бүр сурагчдадаа сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.  

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-08 17:30:46