Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
НҮБ-ЫН ТУРШИЛТЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨДӨӨГИЙН 23 СУМЫН 6747 ХҮҮХЭД ТУС БҮРТ 60 МЯНГАН ТӨГРӨГИЙН МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Завхан аймаг 2017 оноос хойш олон улсын зах зээлээс 15 сая долларын санхүүжилтийг орон нутагтаа авч чадсан билээ. Тухайлбал, НҮБ-ын “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 496 мянган доллар, 2020 онд 2.2 сая долларын хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн бөгөөд энэ онд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байна. НҮБ-ын “Хүүхдийн сан"-гийн санхүүжилтээр “Хүүхэд төвтэй, цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгаалал туршилтын төсөл”-ийг Завхан аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гамшгийн эрсдэл өндөртэй Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул сумдын 0-5 насны 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Төслийн нэгдүгээр шатыг Завхан аймаг амжилттай хэрэгжүүлсэн тул аймгийн Засаг даргын саналыг үндэслэн хоёрдугаар шатны үйл ажиллагааг эхлүүлж, хөдөөгийн 23 сумын 6474 хүүхдэд 2020  оны хоёр, гурав, дөрөвдүгээр саруудад тус бүр 20 мянган төгрөг, нийт 60 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг хүүхдийн мөнгөний дансаар нь дамжуулан олголоо.

 Нэгдсэн Үндэсний Байгууллагаас туршилтын төслийнхөө хэрэгжилтэд хөндлөнгийн байгууллагаар тоон судалгаа хийлгэсэн бол чанарын судалгааг давхар хийсэн байна. Ажлын хэсгийнхэн аймгийн удирдлагуудтай уулзаж төслийн хоёрдугаар шатны тусламжийн хэрэгжилтийн явц, судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа. Судалгаагаар зорилтот бүлгийн нийт өрхүүдийн 80 гаруй хувь нь мөнгөн тусламжийг 0-5 насны хүүхдэдээ зарцуулах тухай мэдээллийг авчээ.

 

НҮБ-ын ажлын хэсгийнхэн тоон судалгааны үр дүнтэй танилцах, чанарын судалгаа хийж, мэдээлэл цуглуулах зорилгоор Алдархаан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллалаа. Энэ үеэр сумдын удирдлагууд, хүүхдийн мөнгөн тусламж үзүүлэхэд оролцогч талууд, тусламж хүртсэн хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллага буюу Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан анх удаа хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийг 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Завхан аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү төсөл нь малчдын бизнес санал санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлж, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Тухайлбал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малчдын хоршоодод байгаль, цаг уурын эрсдэлийг даван туулах чадварыг нь бэхжүүлэхэд  дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаас малчдын өөрсдийн идэвхтэй оролцоо хамгийн чухал гэдгийг хэллээ.

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн 16 сумын малчдын хотонд улсын нөөцийн цэг салбараас өвс тэжээлийг хямдралтай үнээр хүргэхэд  48.6 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлсэн юм. Дээрх хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох зорилгоор 80 асуулт бүхий санал асуулгыг тусгай аппликейшнээр сум тус бүрт 100 малчнаас цахимаар авахаар төлөвлөж, ажлын хэсгийн ахлагч нарт мэдээлэл, чиглэл өглөө.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

НИЙТЭЛСЭН: 2020-05-08 11:06:23