Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЯРУУ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХТӨР: СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ДӨРВӨН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ 90 ГАРУЙ ХУВИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

Яруу суманд зуншлага хэр байна. Мал сүрэг мэдээж өссөн байх. Мал аж ахуйн салбарынхаа ололт амжилтаас эхлээд хуваалцаач?

 

Манай суманд өнгөрсөн өвөл өнтэй сайхан өвөл болж, цагаан сараас хойш жаахан цаг зүтгэсэн. Зуны хувьд хур бороо багатай, салхи шуурга ихтэй, хүйтэн, гантай тааруу зун болж байна. Мал сүрэг таван төрөл дээрээ хориод мянган толгой малаар өсч 225.601 мал тоолуулсан. Малчин түмний минь нөр их хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд юм даа.  Сумын хэмжээгээр улсын хошой аварга  нэг, алтан төлийн эзэн хоёр, аймгийн аварга малчин зургаа, аймгийн алдарт уяач нэг, сумын аварга малчин 21 төрсөн амжилтаар ам цагаан хулгана жилээ угтлаа.

 

Малчдад тулгамдаж буй асуудлын нэг бол бэлчээрийн даац хэтэрсэн явдал. Бэлчээр нутгийг талхалдал үлийн цагаан оготно устгалын ажлыг танай сум энэ хавар нилээд сайн зохион байгууллаа. Үр дүн нь хэр байна?

 

Манай сум нийт 626 өрхтэй, түүний 394 нь буюу нийт өрхийн 60 гаруй хувь нь малчин өрх байдаг. 469 мянган га бэлчээрийн талбайтай, үүнээс 141 мянган га талбайд оготно тархсан судалгаа бий. Аймгийн Засаг даргын “Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-ы үеэр оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах тухай санал нэгдүгээрт эрэмбэлэгдсэний дагуу аймгийн Засаг дарга түүний Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, зэргэлдээх  сумдын удирдлагууд, сумын Засаг даргын Тамгын газар малчидтайгаа хамтран дөрөвдүгээр сард  оготно устгалын ажлыг маш сайн зохион байгуулсан. Малчид ч нилээд идэвхтэй оролцсон. 140 гаруй мянган га талбайд хүн хүч, машин техник, бензин тосоо хуваарилан 223 машин, 170 хөрөө болон бусад багаж тоног төхөөрөмжийг ашиглан таван төрлийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан нь  үр дүнгээ өглөө.

 

Сумын Засаг даргын хувьд малчид, ард иргэдийнхээ санал бодлыг тогтмол сонсож ажилладаг байх. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийн талаар малчид ямар санал бодолтой байна. Ноолуураа хэдэн төгрөгөөр өгсөн бол?

 

Манай малчид жилдээ хоёр удаа малын ашиг шимээсээ орлого олдог. Манай сум 2019 оны жилийн эцсээр 59.295 толгой ямаа тоолуулсан. Хавартаа ноолуураа самнаад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр овоо үнэтэй өгчихнө гэсэн сэтгэлийн хөөрөлтэй байлаа. Гэвч шийдвэр биелэлээ олж чадалгүй, нэг килограмм ноолуураа 50-55 мянган төгрөгөөр тушаасан. Малчид сэтгэл дундуур л байна даа.

 

Өнгөрсөн жил Яруу суманд хэдэн төгрөгний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөв.Энэ жилийн бүтээн байгуулалтынхаа тухай мөн мэдээлэл өгөөч?

 

Өнгөрсөн жил сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэнтэй холбоотой бүтээн байгуулалтын жил болж өнгөрсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн заалны их засвар 200 сая төгрөгөөр, хичээлийн нэгдүгээр байрны засварыг аймгийн орон нутгийн хөгжлийн  сангийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, нарийн давааны зам засварыг 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Нийтийн биеийн тамир спортын талбайг нэг зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгууллаа. Мөн сумын орон нутгийн хөгжлийн сангийн  20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хогоо шууж цэвэрлэлээ. Энэ мэтээр нийтдээ 800 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгээд байна.

 

 Сумын Засаг дарга нараас асуухгүй өнгөрч болохгүй хөрөнгө оруулалт Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгүүд. 2019 оны хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай ямар ажлуудад  зарцуулсан бол. Энэ оны тухайд?

 

2019 онд манай сумын орон нутгийн хөгжлийн санд 73.8 сая төгрөг хуваарилагдсан. Дээр хэлсэнчлэн 20 сая төгрөгөөр хогийн цэгээ шууж, булах ажлыг зохион байгуулсан бол Зүйл багт таван сая төгрөгөөр худгийн хоёр байр, Хэц-Улаан багт таван сая төгрөгөөр малын хашаа, Жаргалант багт таван сая төгрөгөөр багийн төвийн байрыг засварлаж ашиглалтад орууллаа. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зээлийн эргэн төлөлтөд нилээд анхаарч ажиллаж байгаа. 2019 онд 12 иргэн малын тэжээл тариалалт, нэхий, арьс шир боловсруулах, зөөлөн оёдол, буудал, цайны газрын чиглэлээр төсөл бичиж ирүүлсэнийг шийдвэрлэж 56.5 сая төгрөгийн зээл олгоод байна.    

 

Иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилтын хүрээнд сумын түвшинд хийсэн онцлох ажлууд юу байна?

 

“Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-аас гарсан ард иргэдийн санал,  ажлын хэсгээс төрийн албан хаагчид нь айл өрхүүдээ хариуцан ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл авсны дагуу тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын бүсийн сургалтад нилээд ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг сайтар ханган оролцож, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж байна. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан хуваарийн дагуу төрийн албаны тухай хууль болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, харилцан суралцах чиглэлээр багийн сургалтуудыг зохион байгуулж буй нь нилээд үр дүнгээ өгч байна.

 

Өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ямар бодлого барьж байгаа вэ. Үр дүнгийн талаар?

 

2016-2019 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 24 өрхийн 60 гаруй иргэнд дэмжлэг үзүүллээ.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн захиран зарцуулах журмыг үр дүнтэй байхаар мөрдөн ажиллаж байна. Журманд заасны дагуу өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэднийг цаашид жижиг дунд үйлдвэр эрхлэх чиглэлд нь дэмжлэг үзүүлж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 28 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 105 сая төгрөгийн зээл олгосон байна. Мөн хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд  манай сум арьс шир нэхий элдэх тоног төхөөрөмжтэй болж, зөвлөх үйлчилгээний багийнхан үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтад хамрууллаа. Үйлдвэрийн байрыг засварлан тохижуулж, зөвлөх үйлчилгээний багийнхан албан ёсоор нээлтээ хийж ажлаа эхлүүлээд байна.

2019 онд сум орон нутгийнхаа өнгө үзэмж, ард иргэдийнхээ амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллав?

 

Аймгаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд хуваарилагдсан хөрөнгө оруулалтуудыг сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, иргэдээ тав тухтай орчинд амьдруулах зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн 33.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар есөн төрлийн ажил үйлчилгээг хийлээ. Эрүүл мэндийн төвд 5.5 сая төгрөгөөр монитор аппарат,  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Иргэний танхимд”-д дөрвөн сая төгрөгийн компьютер тоног төхөөрөмж, сургуулийн дотуур байрны дээвэр шинэчилэхэд 10 сая төгрөг, цэцэрлэгийн уурийн зуухны шинэчлэлд таван сая  төгрөг, малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-ний өргөтгөлд 1.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг хийлээ.

 

 “Эко завхан” аянд албан байгууллага, ард иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ. Энэ аян багагүй хугацаанд өрнөсөн учраас бодит үр дүн гаргасан болов уу гэж бодож байна?

 

“Эко завхан” аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Сум орон нутгийн хог хаягдлыг устгаж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор зохистой менежмент боловсруулж ажиллалаа. 2016 оноос хогийн цэгийг шуух дарах ажлыг эхлүүлж,  2019 онд ил хог асгах явдал үгүй болж, 2018 онд бүлэг байгуулж, таван сая төгрөгийн хөрөнгөөр хогийн цэгийн эргэн тойрон бүрэн хайс, хамгаалалт хийлээ. Мөн албан газар байгууллага бүрт сумын эргэн тойрны газар болон голын ай сав дагуух газрыг хуваарилан өгч, цэвэрлүүлж хэвшлээ. Эдгээр ажлын үр дүнд аймгаас зохион байгуулсан эко сум шалгаруулах уралдаанд амжилттай оролцож дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлж байв. Сайн дураараа байгуулагдсан сумын эко зөвлөлийнхөн маш идэвхтэй ажилласныг онцгойлон дурьдмаар байна. 2016-2020 онд мод бэлтгэх үйл ажиллагаанд онцгойлон анхаарсны дүнд иргэд байгууллага галын түлшиндээ хуурай мод, мөчир бэлтгэж хэвшсэн ба хэрэглээний модыг Тамгын газрын мэдэлд авч өвөлжөө бууцаа сэлбэх шаардлагатай өрхүүдэд багийн ИНХ-аар нь хэлэлцүүлж зөвшөөрөл олгож хэвшсэн. 2017 онд дөрвөн өрх, 2018 онд зургаан өрх, 2019 онд таван өрх өвөлжөөний хашаа бууцаа засаж сэлбэлээ. Байгаль орчны багц хууль болон шинээр гарсан Зөрчлийн тухай хуулийг иргэд, байгууллагад байнга сурталчилан ажиллаж байгаа ба өмнөх жилүүдэд гарч байсан ойн зөрчил эрс буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн хоёр жилд ойн тухай хууль зөрчсөн үйлдэл дөрвөн удаа бүртгэгдэж, 2018 онд ойн зөрчлийн нэг хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 2019 онд мөн нэг хэрэг цагдаагийн байгууллагаар шийдэгдэж,180 мянган төгрөгийн нөхөн төлбөр орон нутгийн төсөвт орсон ба 2019 онд сумын ЗДТГ, БХОНЗ хамтран ой, ангийн зөрчлөөс сумын төсөвт 1.050.000 төгрөгийг оруулсан байна. Ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор аймгийн БОАЖГ-тай хамтран 2017 онд ойн менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, БОАЖЯамаар батлуулан ажиллаж байна.

 

Таны хувьд сумын Засаг даргаар сүүлийн дөрвөн жил ажиллалаа. Өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалт ололт амжилтыг нэгтгэн дүгнэвэл?

 

2016-2020 оны дөрвөн  жилийн хугацаанд сумын ард иргэдийн бүтээлч санаачилгыг дэмжсэн, иргэдийн идэвхтэй оролцоонд суурилсан ил тод хариуцлагатай засаглалтай эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, байгалийн баялгаа зөв зохистой ашигласан хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн, шударга ёс, тэгш эрхийг дээдэлсэн сум болох зорилготой дөрвөн зорилт 97 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-аараа батлуулан мөрдөж ажиллалаа. 2020 оны зургаадугаар сарын 12-нд сумын ИТХ хуралдаж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 90 гаруй хувийн хэрэгжилттэй гэж үнэллээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай суманд  улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт нэг тэр бум 200 гаруй сая төгрөгийн бүтэн байгуулалтын ажил хийгдсэн.  Сумын эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, төвлөрлийг сааруулах, сум орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласнаар бүтээн байгуулалтын болон төрийн ажил үйлчилгээний хүрээнд мэдэгдэхүйц дэвшлүүд гарсан он жилүүд болж өнгөрлөө.   

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

НИЙТЭЛСЭН: 2020-07-20 09:49:38