Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Элэгний хавдрын эрт илрүүлэг, БЗДХ-н илрүүлгийн үзлэг оношилгоонд алслагдсан сумдын хүн амыг хамруулахаар нэгдсэн эмнэлэгийн холбогдох мэргэжилийн эмч нарын баг зорилтот сумдын зүг хүлгийн жолоо заллаа.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хүн амын дунд хорт хавдрын  өвчлөл өсч, улмаар залуужин хорт хавдрын  шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан  асуудлуудын нэг болж байгаа билээ. Зонхилон тохиолдох нийт хавдруудын дотроос элэгний хорт хавдар дэлхийд   дөрөвдүгээрт /Стандартчилсан түвшин 100 000 хүн амд 16 тохиолдол/ орж, хорт хавдраас шалтгаалсан нас баралтын дотор  гуравдугаарт орж байгаа бөгөөд элэгний хорт хавдрын улмаас жилд 700 000 хүн нас барж байна.

Монгол улсад 1990 оноос хойш нас баралтын 2 дахь шалтгаан хорт хавдрын шалтгаант нас баралт болж 22%-г эзэлж байна. Үүнээс элэгний хорт хавдар 37,7%-г эзэлж хамгийн өндөр тархалттайгаар тогтоогджээ.  Элэгний хорт хавдрын өвчлөл насны бүлгээр нь авч үзвэл 45 дээш насны хүн амын дунд өндөр байгаа бөгөөд 65 дээш насанд 100 000 хүн амд 143,8, 40-65 насныхны дунд 35,2 байна. Манай аймагт 2005 онд 95 хүн Хорт хавдрын хяналтанд хамрагдаж байсан бол 2016 оны эхний 3 сарын байдлаар 418 хүн хорт хавдрын хяналтанд хамрагдаж, 2016 оны 3 сард  шинээр бүртгэгдсэн хорт хавдартай 25 хүний 2 нь л II-р шатандаа оношлогдсон байгаа нь элэгний  хорт хавдрын эрт илрүүлгийн  үзлэгийг хүртээмжтэй, чанартай зохион байгуулах зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Хавдрыг эрт илрүүлэх нь хавдартай өвчтөний амьдрах насыг уртасгах мөн эдийн засгийн зардлыг багасгах чухал ач холбогдолтой юм.

2012-2016 онуудад аймгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  олон ахиц дэвшил гарсны дотор 50 ортой амаржих эмнэлэг, 30 ортой халдвартын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлэг шинээр баригдаж ашиглалтанд орсон бөгөөд Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тодорхой хөрөнгө тусган аймгийн НЭ-ийн яаралтай тусламжийн тасгийг засварлаж ашиглалтанд оруулсан нь ард иргэдийн эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт болсон юм.

Завхан аймаг нь 2014 оноос эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа бөгөөд эх хүүхэд эсэн мэнд амаржихад бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэгтэй байх нь чухал юм. Иймд явуулын эмнэлгийн үйлчилгээгээр БЗДХ-ын үзлэг шинжилгээг газар дээр нь чанар хүртээмжтэй зохион байгуулах зайлшгүй шаардлагатай юм.

Иймд алслагдсан сумууд болох Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Нөмрөг гэх мэт сумуудын ард иргэд залуучуудад тус өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, үзлэг шинжилгээнд санаачлагатай хамрагдаж байх талаар ухуулан таниулах эрхэм зорилгыг өвөрлөн ийнхүү замдаа гарлаа.

НИЙТЭЛСЭН: 2016-06-07 08:32:58