Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН “ЕРӨНХИЙ МЭДЛЭГ”-ИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн албаны Ерөнхий шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагт орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Завхан аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 346 оролцохоор бүртгүүлж, шалгалтыг 5 ээлжээр, нэг ээлжинд 70 оролцогч хамрагдахаар зохион байгуулсан.

Энэ үеэр Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч А.Цэцэгмаа тус аймагт томилогдон салбар комисстой хамтран ажиллаж, шалгалтын үйл явцад хяналт тавин, заавар зөвлөгөө өглөө.  

Тус аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн 346 иргэнээс Ерөнхий мэдлэгийн шалгалтад 302 иргэн орж, 43 иргэн тэнцэж, 259 иргэн тэнцээгүй байна.

Мөн  шалгалт зохион байгуулсан 2 танхимыг камержуулж, шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд харах ил тод нээлттэй байх  боломжийг бүрдүүллээ.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд болон салбар комиссын зүгээс шалгалтад орох иргэдийн “Баталгаажуулалтын хуудас” болон иргэний үнэмлэхийг шалгаж, 30 минутын өмнө суудлыг нь эзлүүлэн цахим шалгалтын талаарх заавар зөвлөмжийг өгч,  шалгалтыг цаг хугацаанд нь зохион байгуулж  ажиллалаа.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн иргэд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт  Монгол хэл бичгийн чадварын шалгалтад орох бөгөөд уг шалгалтад тэнцсэн иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад орох юм.

Түүнчлэн Ерөнхий мэдлэгийн шалгалттай холбоотой 16 иргэнээс өргөдөл гомдол, санал ирсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааныг Төрийн албаны зөвлөлийн ахлах шинжээч А.Цэцэгмаа болон салбар комиссын гишүүдийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр  2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагт зохион байгууллаа.

Энэхүү хуралдаанаар:

1.Төрийн албаны Ерөнхий мэдлэгийн шалгалт зохион байгуулсан тухай танилцуулга

2. Ерөнхий мэдлэгийн шалгалттай холбоотой 16 иргэний санал хүсэлт, гомдлыг хэлэлцэх

3.Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг үндэслэн дараах хамтын шийдвэрийг гаргалаа.

Төрийн албаны Ерөнхий мэдлэгийн шалгалттай холбоотой 16 иргэн санал хүсэлт, гомдол ирүүлсэнийг агуулгаар нь ангилж, шалгалтын журамд заасны дагуу 4 иргэний өргөдөл, саналыг Төрийн албаны зөвлөлд шилжүүлж, 12 иргэний өргөдлийг шалгаж хариу өгөх, олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн зарим асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж, нэг иргэний өргөдөлд  дурьдагдсан асуудыг нягтлах зорилгоор шалгалтын үйл явцыг багтаасан камерийн бичлэгтэй салбар комиссын гишүүд танилцлаа.

 

  

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

 ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Шалгалт зохион байгуулах салбар комисс

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-17 06:55:07