Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 07 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН ХУУЛИУДААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

2017 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчлийг хянан шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. Сургалтанд 20 байгууллагын 221 албан хаагч оролцлоо.

 

 

ЗАВХАН АЙМАГ 44 ЖИЛИЙН ДАРАА ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

 

 “СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА

 

Завхан аймаг олон жилийн түүхт хөдөлмөр бүтээлээрээ шалгарч 1963 онд төрийн дээд шагнал Алтангадас одон, 1973 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан бол  44 жилийн дараа МУ-ын Ерөнхийлөгчийн 157 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор  шагнууллаа. Энэ бол Завхан сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэл, оюун билгээ зориулсаар ирсэн үе үеийн ажилсаг, хичээнгүй ард түмний минь гавьяа зүтгэлийг Монгол төр үнэлж буй дээд үнэлэмж юм.

 

СҮХБААТАРЫН ОДОНТ ЗАВХАН АЙМАГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭЛЭЭ

 

Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн их баяр наадам Завханчуудын хувьд олон баярт үйл явдал тохиосон сайхан наадам боллоо. Энэ жилийн наадмын нэг онцлог бол Завхан аймгийн наадамд хүч үзэн барилдсан бөхчүүд анх удаа ард түмэн, наадамчин олныхоо өмнө шударга барилдахаа амлаж ТАНГАРАГ өргөсөн явдал байлаа. Мөн хурдан морины уралдааныг машин дагахгүй байхаар зохион байгуулснаар элдэв будлиангүй, эмх цэгцтэй наадлаа.

 

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 43 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

 

Тулгар төрийн 2226 жил, Эзэн Богд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, “Сүхбаатарын одон”-т Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмаар улс эх орон, төрөлх нутгийхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан 43 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

 

ЗАВХАН АЙМАГ 2018 ОНД УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМААР БҮРЭН ХОЛБОГДОНО

 

Улиастай хотыг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Нээлтийн үйл ажиллагааг Тэлмэн суманд зохион байгуулж УИХ, ЗГ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлага, ард иргэд өргөнөөр оролцлоо. Харин Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамын ажлыг энэ оны 8-р сараас эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км зам болон Загастайн давааны 67 км автозамын ажил дууссанаар 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

 

ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ”-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Дэлхий дахинд  нүүдлийн соёл иргэншлээ сурталчилан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн соёлын наадам” арга хэмжээг Завхан аймаг анх удаа байгалийн үзэсгэлэн цогцолсон “Хангайн сувд” хэмээн хүндэтгэн дээдэлдэг Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хөвөөн дээр амжилттай зохион байгууллаа. Наадмыг дотоодын 6000 орчим, гадаадын 300 гаруй зочид төлөөлөгчид, жуулчид зорин ирсэн бөгөөд нүүдэлчин Монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй соёлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсанд талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.

 

ЗАВХАН АЙМГААС ТӨРСӨН ТОД МАНЛАЙ УЯАЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Хүннү гүрний үеэс улбаатай эрийн гурван наадам бол яах аргагүй нүүдэлчин Монгол түмний түүх соёлын үнэт өв юм. Тиймээс Нүүдэлчдийн соёлын наадмын нэгэн чухал хэсэг бол Завхан аймгаас төрсөн 4 тод манлай уяачийн мялаалга наадам, үндэсний сур, хасаа харваа, үндэсний бөхийн барилдаан байлаа. Завхан аймгийн харьяат, МУ-ын тод манлай уяач Н. Даш-Өлзий, Д. Дагвадорж, Б.Содномцог,  Л.Цандэлэг нарын мялаалга наадам “Очирваанийн шигшмэл хурд” шилдэг хүлэг шалгаруулах 6 насны морины уралдааныг зохион байгуулж тод манлай уяачдадаа хүндэтгэл үзүүллээ.

 

УРАН УУРГАЧ, БУГУЙЛЧ, ЭМНЭГ БУЛГИУЛАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

 

“Нүүдэлчдийн соёлын наадам”-ын нэгэн чимэг бол уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн шигшээ тэмцээн байлаа. Морин дэл дээр дэлхийн талыг эзэлж явсан Монгол түмний морь унах эрдэм чадлыг гайхуулахаар 19 аймгийн 70 гаруй адуучин залуус  хүрэлцэн ирж, хүч чадал авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, багийн дүнгээр Хэнтий аймаг тэргүүн байр, Орхон аймаг дэд байр, Хөвсгөл аймаг гутгаар байр, Завхан аймаг дөтгөөр байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-31 15:20:33