Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

 

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

 

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг сургууль, цэцэрлэг бүр өргөн дэлгэр зохион байгуулсан бөгөөд энэ жил улсын тэргүүний Жавхлант цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо. Энэ хичээлийн жилд Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн шинэ байр, Баянхайрхан сумын хичээлийн байр, спорт заалны барилга, Тэлмэн, Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн барилгууд үргэлжилнэ. Мөн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлыг үр дүнг дэмжсэн “Сайн багш” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжинэ.

 

 

АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ХУРАЛ ТОГТМОЛ ҮРГЭЛЖИЛНЭ

 

2017 оны 7 дугаар сарын 15-аас хойш түр хугацаанд завсарлаад байсан албан байгууллагын дарга, эрхлэгч нарын хурал 2017 оны 9 дүгээр сарын 4-өөс эхлэн тогтмол үргэлжилж байна. Шуурхай хурал Даваа гараг бүрийн 08:30 цагт болж байгууллагууд цаг үеийн мэдээллээ солилцоно.

 

ЯЛГУУСАН ХУТАГТЫН 17-Р ДҮР ДАНЗИНВАНЧҮГ ГЭГЭЭНТЭНД БАТ ОРШИЛ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

Идэр суманд Ялгуусан хутагтын 17-р дүр Данзинванчүг гэгээнтэнд бат оршил өргөх ёслолыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Монголын бурхан шашинтны Гандантэгчилэн хийдийн лам нар болон, Завхан аймгийн бурхан шашинтны төв Төгсбуянт Жавхлант хийдийн лам нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж шашны томоохон зан үйлүүдийг гүйцэтгэж сүсэгтэн олонд буян номын авшиг хүртээлээ.

 

БАГШ НАРЫН БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Завхан аймаг сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжсэн “Сайн багш” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө багшийн ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт зохион байгуулж 24 сумын 556 багш оролцлоо.

 

ЗАВХАН АЙМАГ ОРХОН АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 

Баруун бүсийн тулгуур төв Завхан аймаг, Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймагтай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээ нь аймгуудаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, хоёр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

 

УУЛЫН БАЯЖУУЛАХ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Завхан аймгийн хурал, захиргааны байгууллагын төлөөлөгчдийг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүлээн авч уулзлаа. Тэрээр Завхан, Орхон аймгууд өөр өөрийн давуу тал, онцлогт тулгуурлан хамтран ажиллахад Эрдэнэт үйлдвэр  дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ ЗАВХАНЧУУДТАЙ УУЛЗЛАА

 

Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй Нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, Завхан аймгийн хөгжил дэвшлийн талаар санал бодлоо солилцлоо. Орхон аймаг  100.0 гаруй хүн амтай, үүнээс 30 орчим мянга нь Завхан аймгийн уугуул оршин суугчид юм. Орхон аймаг дахь Нутгийн зөвлөл 25 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Завхан нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, Эрдэнэт хот дахь Завханчуудаа дэмжин ажилласаар иржээ. Цаашид ч олон салбарт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ОЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

 

“Ногоон Улиастай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ой мод, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр олон жил мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд  хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдээ 2017 оны 11  дүгээр сараас үнэ төлбөргүй суралцуулахаар болов.

 

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЛЭЭ

 

“Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлаг, албан байгууллагуудын дарга, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод ажил хариуцсан 80 гаруй мэргэжилтэн идэвхтэй оролцлоо.

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-09-30 15:45:18